Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Туулын хурдны замыг барих гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг дахин зарлаж байна.
Туулын хурдны замыг барих гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ны өдөр зарласан. Тендер шалгаруулалтыг хуулийн хугацаанд нээж, үнэлж, дүгнэхэд оролцогчид тендерийн шаардлага хангаагүй учраас дахин зарлаж буй юм.
Нийслэл хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, түгжрэлийг бууруулах төслийн нэг нь Туулын хурдны замын төсөл юм. Уг авто замын төслөөр замын хөдөлгөөний дундаж хурдыг 14 хувиар нэмэгдүүлэх төлөвлөлттэй бөгөөд олон улсын экспресс зам буюу гэрлэн дохиогүй үргэлжилж, зорчигч 32 км замыг зогсолтгүй туулах онцлогтой.
Хотын зүүн талдаа Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ 32 километр урт барихаар төлөвлөж байгаа аж.
Мөн төслийн хүрээнд найман байршилд хоёр
түвшний огтлолцол бүхий уулзвар, 13 байршилд 9870 урт метр гүүр, долоон
байршилд 370 урт метр туннель барьж, нийслэл хотыг тойрсон тойрог замын сүлжээг
бий болгох юм.