Монголд анх удаа “Milk Festival-2025” болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-29 10:38:45

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Улс орнууд жил бүрийн зургаадугаар сарын 1-ний өдөр “Дэлхийн сүүний өдөр”-ийг өргөнөөр тэмдэглэдэг уламжлалтай.


Сүү, сүүн бүтээгдэхүүн, тэр дундаа сүүний салбарын ач холбогдлыг таниулах зорилготой уг өдрийг тохиолдуулан Монгол Улсад анх удаа “Milk Festival-2025” нэрээр зохион байгуулах гэж байна. 2001 онд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага санаачлан эхлүүлсэн энэхүү өдрийг манай улсад тус салбарын мэргэжилтнүүд, үйлдвэрлэгчид тэмдэглэдэг байсан бол өнөө жил цар хүрээгээ тэлж, үндэсний томоохон үйлдвэрлэгчид болох “Сүү”, “Апу Дэйри”, “Тэсо фүүдс”, “Витафит милк”, “Монфреш”, “Үлэмж органик” компани болон ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Монголын сүүний нэгдсэн холбоо нар хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд олон нийтэд зориулан нээлттэй өдөрлөг явуулна.


Энэхүү фестиваль эрүүл иргэн, тэр дундаа ирээдүйн өнгийг тодорхойлогч хүүхэд багачуудад сүү, сүүн бүтээгдэхүүний ач холбогдлыг таниулан өдөр тутмын хэрэглээ болгох зорилготой ажээ. Энэ үеэр үндэсний хэмжээний томоохон компаниуд өөрсдийн сүүн өртөөг байгуулж, хүүхэд багачуудад гарын бэлэг, бүтээгдэхүүний амталгааг хийж, тэдэнд зориулсан хөгжөөнт тоглоом, жүжигчилсэн тоглолт, Cosplay уралдаан, циркийн үзүүлбэр зэрэг урлаг, соёлын үйл ажиллагаа болох юм.


Ташрамд сонирхуулахад, манай улс 2016 онд энэхүү өдрийг анх удаа тэмдэглэж байсан юм. 



相关新闻