ТӨВ: “Хайрын одод” хөгжимт жүжгийг толилууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-04-21 23:23:01

Зуунмод, 2025 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын жүжигчин Сергей Васильевын зохиол "Хайрын одод" хөгжимт жүжгийг Төв аймгийн Монгол туургатан театрт энэ сарын 19-ний өдөр үзэгчдэд толилууллаа.


Төв аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын мэргэжилтнээс тодруулахад, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит Монгол туургатан театр, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын театруудтай хамтран ажиллах санамж бичгийг 2023 онд байгуулсан.

Уг санамж бичгийн хүрээнд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Н.А.Бестужевын нэрэмжит Оросын улсын драмын театрын аялан тоглолтын баг бүрэлдэхүүн хүрэлцэн ирж, тайзнаа тус жүжгийг амилуулав.  

Тус жүжгийг аймгийн 27 сумын соёлын төвийн албан хаагчид болон хугацаат цэргийн албан хаагчид, иргэд үзэж сонирхлоо.

Ташрамд, Хамтын ажиллагааны хүрээнд Монгол туургатан театрын уран бүтээлчид “Монгол угсаатан-3” аялан тоглолтыг 5 дугаар сарын сүүлээр тус улсад зохион байгуулахаар төлөвлөж байна гэв.



相关新闻