ТӨВ: Төрийн бус байгууллагуудын 18 төсөл шалгарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажлын хүрээнд төсөл сонгон шалгаруулж 18 төслийг дэмжиж шалгаруулсан байна.
Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Цогбаяраас тодруулахад, 2025 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг нийтэд ил тод, нээлттэй зарлаж, сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. Төслийн сонгон шалгаруулалт зарлагдсанаас хойш 28 байгууллагаас 39 төсөл ирүүлсэн бөгөөд үнийн дүнгээрээрээ 1 тэрбум 200 сая төгрөг байв. Энэ нь дэмжих боломжгүй үнийн дүн бөгөөд шаардлага хангасан төслүүдийн нийт санхүүжилт 79.5 сая төгрөг болсон юм.
Тухайлбал, Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, нийгмийн халамж үйлчилгээний үр өгөөжийг дээшлүүлэх, иргэд олон нийтийн оролцоог хангах, хүүхэд багачуудын авьяас чадварыг хөгжүүлэх, урлан бүтээх, зохион бүтээх, оюун ухаан, авьяас чадварыг нь хөгжүүлэх дугуйлан хичээллүүлэх, хүүхэд, залуучуудыг соёл урлаг, спортоор дамжуулан хүмүүжил, төлөвшил, хөгжил, оролцоог нэмэгдүүлэх цогц, сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулах гэх мэт төслүүд байна.
Өмнө жилд нийт санхүүжилт 50 сая төгрөг байж, зарим төслүүд маш амжилттай хэрэгжсэн бөгөөд жил бүр санхүүжилтийг нэмэх бодолтой байна гэв.