10 настай охидоо хэр халамжилснаас улсын хөгжил хамааралтай

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-11-01 14:28:25

“Дэлхийн хүн амын байдал 2016 тайлан”-д НҮБ-ын Хүн амын сангаас охидод хангалттай хөрөнгө оруулалгүйгээр дэлхийн хөгжлийн зорилтуудад хүрэх боломжгүйг анхааруулав.

Энэ талаар өнөөдөр “Блу скай” цамхагийн Топаз танхимд болсон “Дэлхийн хүн амын байдал 2016- тайлан” уулзалтаар дэлгэрэнгүй танилцуулав.

“Охидод 10 наснаас нь эхлэн сөрөг нөлөө бүхий уламжлалт үйлийг үйлдэж, эрхийг нь зөрчвөл тэд насанд хүрч нөөц бололцоогоо бүрэн дайчлан, улс үндэстнийхээ нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж чадахгүйд хүрнэ. Тэдний хувь нэмэр бүхий оролцоогүйгээр 2030 онд хүрэхээр зорьж буй тогтвортой хөгжлийн 17 зорилт, НҮБ-ын хөгжлийн зорилтуудад хэзээ ч хүрч чадахгүй. Бэлгийн бойжилт нь учраас охидын хувьд 10 нас гэдэг маш чухал үе. Дэлхийн зарим оронд 10 настай охид их боломжоор хангагдаж, боловсрол, ирээдүйн ажил, амьдралдаа нөлөөлөх сонголтуудыг хийж эхэлдэг. Харин зарим оронд бэлгийн бойжилт нь эхэлж буй охидыг эд агуурс мэт худалдаж, хүчээр гэрлүүлж, сургууль завсардуулж, хүүхэд төрүүлж, насаараа зарцлагдах хувь тавилантай болгож байгааг НҮБ-ын Хүн амын сангийн тайланд онцолж байна” хэмээн тус сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара энэ уулзалтаар мэдэгдлээ.

Тэрбээр, “Охидыг эсэн мэнд, эрүүл саруул өсч торнин бүтээлч, бие даасан иргэн болоход саад учруулах нь тэдний эрхийг зөрчсөн үйлдэл юм. Энэ нь тухайн охидын нутаг нэгтэн, улс үндэстэнд хохиролтой төдийгүй охид нөөц бололцоогоо ашиглаж чадахгүй бол бид бүгд хохирно” гэж НҮБХАС-гийн гүйцэтгэх захирал Б.Осотимехин онцлон хэлсэн гэлээ.

Дэлхийн хүн амын байдал тайланд, өнөөдөр дэлхийд 10 настай 125 сая амьдарч байгаагаас 60 сая нь тодорхой бэрхшээлүүдийг туулж байгаа. Өдөр бүр 47700 охин 18 нас хүрэхээсээ өмнө гэрлэх эрсдэлтэй байна. Охидын сурч боловсорсон жил нэмэгдэх хэрээр цалин нь 11,7 хувиар өсдөг. Бага болон дундаж орлоготой сонгосон орнуудад 10 настай охидод хөрөнгө оруулснаар 15 жилд хувь хүний орлого хэрхэн өсөхийг уг тайланд танилцуулжээ.

Монгол Улсад 10 настай 25 мянган охин, 10-19 настай 225,787 охин байна. Тэднээс сургуульд 95 хувь нь хамрагдсан бол 88 хувь нь дунд сургуульд сурч байгаа. Охидод хөрөнгө оруулбал Монголд нэг охин 2015-2030 онд 18,470 ам.долларын орлого олох боломжтой. Харин хөрөнгө оруулахгүй бол орлого нь ердөө л 8,784 ам.доллар байх аж.

Д.Өлзий

相关新闻