Хуврагууд сөргөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-10-31 23:03:33

Баян-Өлгий аймгийн хэд хэдэн мешид (лалын шашны мөргөлийн ордон)-ийн тэргүүн шүүхийн байгууллагад шүүгдэж байгаа юм.

Тус аймгийн хэмжээнд 1990-ээд оны эхнээс байгуулагдсан дөч орчим мешид байдаг. Анх УИХ-ын гишүүн асан К.Сайран тэргүүтэй Монголын мусульмаан нийгэмлэг гэсэн ТБ байгууллага байгуулагдан нийт шашны хэргийг зохион байгуулж байснаа түүнээс 10 гаруй жилийн дараа М.Азатхан хажаар толгойлуулсан Ислаам шашинтны мүфтият холбоо гэсэн түүнтэй эн зэрэгцэх нэг байгууллага гараад ирэхэд шашны тэргүүн нарын хооронд ан цав бий болсон нь олон түмэнд анзаарагдсан билээ. Эдгээр байгууллагын тэргүүн нар нь дээд доод шатны сонгуульд өрсөлдөх, сурталчлах зэргээр улс төрд ихээхэн хутгалдсан нь тэдний өөрсдөд нь байтугай шашинд итгэх итгэл, идэвхийг бууруулж эхэлсэн. Гэтэл «зовлоготой газар нохой цуглаж, зовлонтой газар лам цуглана» гэгчээр тэдгээр байгууллагууд хоорондоо илт маргалдаж, шүүхдэж эхэлсэн нь илт харагдаж одоогийн дэлхий нийтийн улс төр, эдийн засгийн байдлын хэцүү бэрх энэ цаг үед шашнаар ард олныхоо сэтгэл оюуныг сэргээхийн оронд түгшээх хандлагатай болов. Хуучин Монголын мусульмаан нийгэмлэгт тэргүүн имаамаар ажиллаж байгаад өнгөрсөн оноос Ислаам шашны мүфтият холбооны олон нийттэй харилцах албаны даргаар томилогдон ажиллаж байгаа М.Өсерхан хажы энэ асуудлын талаар өчигдөр тайлбар өгөв.

-Тус аймагт байгуулагдсан мешидүүдийн байгууламжуудын 70-80 хувь Араб, Турк улсуудын хөрөнгөөр босгогдсон. Мусульмаан нийгэмлэгийнхэн тэдний имаам (тэргүүн) нарыг томилох, санхүүжүүлэхэд анхаарал халамж тавихаа больсон тул Ислаам шашинтны мүфтият холбооноос олон түмний саналаар томилогдсон имаам нарыг тэд одоо сонгуулиар бидэнд санал өгсөнгүй гэсэн янзаар голох, шүүхэд өгөх, байрыг нь булаан эзлээд хаягжуулах зэргээр хачин зан гаргаж байгаа нь олон түмэнд таалагдахгүй байна. Энэ нь уламжлалт шашинд гэсэн итгэлийг бууруулаад зогсохгүй сэтгүүлч Гантулгын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацсан нийтлэлд «Монголд терроризмийн аюул ойртлоо» гэснийг нотлоод байна. Шашны тэргүүн нар хоорондоо муудалцсаар байвал энэ байдлыг далимдуулан гаднаас юу ч орж ирэх нь болзошгүй. Мусульмаан нийгэмлэг дүрмэндээ заасан хугацаа нь хэтэрсэн мөртлөө ноднин их хуралдай хийнэ гэж товлон зарласан ч хуралдуулаагүй. Хоёр сарын дараа хийнэ гэснээ хийсэнгүй. Албан тушаалыг нь залуучууд авчихна хэмээн хардаж, айж байна. Шашны байгуулагуудыг энд анх байгуулах талаар К.Сайран зүтгэсэн нь үнэн. Одоо үнэнч шударга, мэдлэг боловсролтой залуу шавь нартаа халаагаа өгөх нь зүйтэй юм шүү дээ. Шашны тэргүүн нар улстөржсөнөөс болоод олон мешид улсын бүртгэлд хамрагдаагүй, лалын орнуудаас ирдэг хандив тусламж ч буурлаа. Бид мэддэг Турк, Казахстанд шашны байгууллагуудыг нэг нэг л төв байгууллага захирч зохицуулдаг. Манайд ингэх хуулийн үндэслэл байдаггүй. Улаанбаатарт 2004 онд баригдаж эхэлсэн мешидийн барилга өдий хэрнээ дууссангүй. Ер нь шашны тухай хуулийг шинэчлэн зохицуулалт хийх, аймгийн удирдлага, олон түмэн ч энэ асуудлыг онцлон анхаарах, аудит хийлгэх хэрэгтэй болоод байна гэв.

Ш.Айзаря

相关新闻