Аймгийн Аудитын газар арга барилаа өөрчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-10-31 19:23:31

Сэлэнгэ аймгийн Аудитын газар нь хяналт шалгалт явуулдаг хуучин арга барилаасаа татгалзжээ.

Сэлэнгэ аймгийн Аудитын газар нь өмнөх жилүүдэд аймгийн хэмжээний төр төсвийн байгууллагуудыг ээлж дарааллын дагуу сонгон, графикт баримтын шалгалтуудыг хийж гүйцэтгэдэг байжээ.

Харин энэ жилээс энэ арга барилаасаа татгалзсан байна. Учир нь сүүлийн жилүүдэд тогтмол их хэмжээний мөнгөн хөрөнгө эргэлддэг болж, дотоод хяналтын тогтолцоо алдагдах, мөн зарцуулалт, хяналтын эрсдэл үүсэх, улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сан, аймаг, сум хөгжүүлэх сан, орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн үйл ажиллагаа гээд хамруулах сэдэв ихэссэнтэй холбоотойгоор ийнхүү арга барилаа өөрчилжээ. Иймд эдгээрээс сонгох, эрсдэлд суурилсан, цаг үеэ олсон аудитуудыг хийж гүйцэтгэх болсон байна. Ингэснээр аудитын үр өгөөж нэмэгдэж, алдаа зөрчлийн давтамж болон үр ашиг, арвилан хэмнэлт, үр нөлөө муутай зарцуулалтууд эрс багасах чиг хандлагатай болжээ.

Аймгийн Аудитын газар нь одоогоор аймгийн ИТХ-аас өгсөн захиалгын дагуу “Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний үр дүн”, “Эрүүл мэндийн оношилгооны техник тоног төхөөрөмжийн бэлтгэн нийлүүлэлт, ашиглалт” сэдэвт аудитууд хийгдэж байгаа аж. Эл үйл ажиллагааныхаа тайлан, дүнг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд оруулж хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа гэнэ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

相关新闻