БАЯНХОНГОР: Байдрагт 99 гол горхи цутгадаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-04-14 14:01:26

Баянхонгор, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Байдраг гол Хангайн өмнөд уулсын нарийхан хавцал дундуур урсдаг Баянхонгор аймгийн томоохон гол юм. Хөндийн хажуу эгц, хад асга ихтэйн дээр хээр, говийн тачир ургамалтай.


Энэ хэсэгт гол нэг голдирлоор урсах бөгөөд голдирлын өргөн 20-40 метр, зонхилох гүн 0.3-1.5 метр, урсгалын хурд 1-1.5 м/с хүрнэ. Голын нийт урт нь Бөөнцагаан хүртэл 295 км, Адгийн цагаан нуур хүртэл 310 км урсана. Байдраг голын эхэнд баруун гар талаас Загийн гол (80 км), зүүн гар талаас Өлзийтийн гол (135 км) зэрэг 99 гол горхи цутгадгаараа онцлог.


Хангайн нурууны өмнөд хажуугаас эх авч говийн Бөөнцагаан, Адгийн цагаан хоёр нуурт цутгадаг тус голын талаар Ардын уран зохиолч Тангадын Галсангийн "Байдраг" шүлэгт:    
Зуун гол нийлж мөрөн болдог юм гэдэг
Зуур замдаа сааталгүй далайд хүрдэг юм гэдэг
Зуун гол цутгасан өргөн мөрөн болоход ганцхан гол дутсан
Энэ нь таны эмгэнэл юм гэдэг.    
Алдар суу тань
Алтан товчид ч бий
Авсаархан хөрөг чинь газрын зурагт ч бий
Энэ нь таны бахархал юм гэдэг... гэсэн байдаг.

相关新闻