ОРХОН: "Найрамдлын эрдэнэс" зуслан амрагч хүүхдүүдээ хүлээн авах бэлтгэлээ хангаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-04-11 22:00:02
Баян-Өндөр,2025 ны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Эрдэнэт үйлдвэрийн "Сэлэнгэ" амралт, аялал жуулчлалын цогцолборын дэргэдэх "Найрамдлын эрдэнэс" хүүхдийн зусланг энэ зун хэвийн тасалдалгүй ажиллуулах зорилгоор бэлтгэл ажлыг хангах ажлын баг анхны хуралдаанаа газар дээр нь хийлээ.

Хуралдааныг Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Д.Эрдэнэбат удирдаж, зуслангийн үйл ажиллагаа явуулахад холбогдол бүхий бүтцийн бүх нэгжийн удирдлагууд оролцлоо.

Мөн ХАБЭА-н хэлтсээс зуслангийн ойр орчим өнжмөл өвс их байгаагаас үүдэн гал гарах эрсдэлтэйг анхааруулж, галын хор цэнэглэх, амрагч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, хяналтын камерт саад учруулахгүй байх үүднээс өрөөнүүдийн хаалгыг дотогш нээх зохион байгуулалттай болгох зэрэг зөвлөмж өглөө.

Хуралдаанаас худалдан авалт, ханган нийлүүлэлттэй холбоотой асуудалд онцгойлон анхаарч, яаралтай шаардлагатай бүтээгдэхүүний жагсаалт гаргах, зуслан эхлэхээс өмнө агаар сэлгэлтийн тоног төхөөрөмжийг угсарч суурилуулах, түр ажиллах гэрээгээр хүний нөөц бүрдүүлж, тэднийг галын сургуулилалт болон гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтад хамруулах, тээвэрлэлтийн хуваарь батлуулах шийдвэр гаргалаа.

Энэ жилийн хувьд зуслангийн барилга байгууламж болон гадна талбайн засвар, тохижилтод 33 сая, дотор гэрэлтүүлэгт 11 сая төгрөгийн зардал гаргахаар тусгасан бөгөөд нийт бэлтгэл ажлын хүрээнд 500 сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

Эрдэнэт үйлдвэрийн "Найрамдлын эрдэнэс" зуслан нэг ээлждээ 500 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд зуны турш найман ээлжээр ажиллаж, хүүхэд багачуудад аюулгүй, тав тухтай орчинд амрах, хөгжилтэй, танин мэдэхүйн хөтөлбөрүүдэд хамрагдах боломжийг бүрдүүлдэг.

Энэ жилийн хувьд Эрдэнэт үйлдвэрийн хамт олон бэлтгэл ажлаа бүрэн хангаж, хүүхэд бүрийн инээд дурсамжаар дүүрэн зун болж өнгөрөөхөд онцгойлон анхаарч ажиллаж байна.



相关新闻