БАЯНХОНГОР: "Оюутан цэрэг" сургалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-04-08 16:20:23
Баянхонгор, “2025 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Аймгийн Политехник коллежид суралцаж буй 18-25 насны оюутан залуусыг сайн дурын үндсэн дээр элсүүлэх “Оюутан цэрэг” сургалтын нээлтийг зохион байгууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр, Цэргийн штабын дарга, хурандаа Г.Нэмэхбаяр, Баянхонгор аймгийн Политехник коллежийн сургалтын арга зүйч Н.Ганхүү нар оролцов.

Энэ жилийн тухайд голч оноо, эрүүл мэндийн үзлэг, биеийн тамирын шалгалтад тэнцсэн 20 оюутан сургалтад хамрагдах эрхтэй болсон. Суралцагч оюутнууд зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэл цэргийн ерөнхий сургалтад, үргэлжлүүлэн цэргийн анхан шатны бэлтгэлд хамрагдах юм.

Сонирхуулахад, "Оюутан цэрэг” сургалтад Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн нэгдүгээр дамжааны оюутан, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч нар сайн дурын үндсэн дээр хамрагдана. Хөтөлбөрийн дагуу цэргийн ерөнхий бэлтгэл, цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтын хөтөлбөрийг бүрэн хангасан оюутан, суралцагчийг цэргийн жинхэнэ алба хаасанд тооцож, цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэдэг байна.



相关新闻