БАЯНХОНГОР: Хил хязгааргүй номын ертөнцөөр хамтдаа аялна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. "Хил хязгааргүй номын ертөнцөөр хамтдаа аялцгаая" ном уншлагын сарын аяныг аймгийн хэмжээнд зарлалаа. Аяныг аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөл, аймгийн Нийтийн номын сан, "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо" ТББ болон холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасны дагуу “Иргэдийн ном унших дадлыг нэмэгдүүлэх, сумдын номын сангийн үйлчилгээг өргөжүүлж, үйл ажиллагааг сайжруулах, соёл танин мэдэхүйн ажлыг зохион байгуулах” ажлыг ийнхүү идэвхжүүллээ.

Тус аянаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, залуучуудын ном унших идэвхийг өрнүүлж, номтой нөхөрлүүлэх, нийгмийн эерэг хандлагыг бий болгох, нийгэмд хамтдаа хөгжих, сурч мэдэх, нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн хамрагдах, оролцоог дэмжих, соёл урлаг, спортын арга хэмжээнд тэгш хамруулах, авьяас чадварыг нь нээн хөгжүүлэх зорилготой.