ӨВӨРХАНГАЙ: Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд энэ онд хоёр тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Орон нутгийн болон сангийн хамтарсан санхүүжилтийн эх үүсвэрээр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд энэ онд хоёр тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ.
ХХААХҮЯ, ЖДҮГ-аас аймгийн Засаг даргатай “Зээлийн ерөнхий нөхцөл тохиролцох, хамтран ажиллах гурван талт гэрээ”-г байгуулж, ЖДҮГ-аас нэг тэрбум, Өвөрхангай аймгаас нэг тэрбумын санхүүжилтийг гаргахаар гэрээнд тусгажээ.
Энэ дагуу Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор баталсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн зээлийн хүсэлтийг цахим хэлбэрээр www.sme.gov.mn-аар энэ сарын 7-ныг хүртэл хүлээн авч байна.
“Энэ жил хүнсний үйлдвэр, хөнгөн үйлдвэр, мал аж ахуй, газар тариалангийн салбарын 14 төрөлд зээлийг олгохоор төлөвлөсөн. Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй бизнес эрхлэгчид маань энэ боломжийг алдалгүй төслөө ирүүлж, идэвхтэй оролцохыг уриалья” хэмээн аймгийн ХХҮГ-ын дарга Ч.Ганхуяг хэллээ.