Р.Нарантуяа: Багш нарын 90 гаруй хувь нь багш төвтэй уламжлалт арга барилыг хичээл сургалтдаа ашигласаар байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн ИТХ-аар “Багшийн хөгжил” хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийг 2025-2028 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд “Багш хөгжлийн ордон” байгуулах, 400 багшийг гадаадад туршлага судлуулах, мэргэжил дээшлүүлэх, сургах, ерөнхий боловсролын сургуулийн “Багш сонгон бүлэг” байгуулах зэрэг томоохон ажлыг тусгаад байна. Энэ талаар аймгийн Боловсролын газрын ахлах арга зүйч Р.Нарантуяагаас тодрууллаа.
-“Багшийн хөгжил” хөтөлбөрийг бодлогын баримт бичиг болгон баталж хэрэгжүүлэх ямар хэрэгцээ, шаардлага байв. Нийт багш нарт хамаарах уу?
-Аймгийн ИТХ-ын 2025 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар тогтоолоор “Багшийн хөгжил” хөтөлбөрийг баталлаа. Хөтөлбөрийг боловсруулахдаа орон нутагт мэргэжлийн багшийн хангалт, мэргэжил, ур чадвар, сургалтын чанар, үр дүнг сүүлийн 3-5 жилийн байдлаар судалж, мөн үе шаттай хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, олон талын байр суурь, саналыг авч хөтөлбөрт тусгалаа.
Манай аймгийн хувьд сүүлийн 10 жилийн хугацаанд боловсролын байгууллагын хүртээмжид анхаарч, түүнд чиглэсэн хөрөнгө оруулалтууд хийж сургууль, цэцэрлэгүүдийн барилга, өргөтгөл барьж, тоног төхөөрөмж, сургалтын орчин нөхцөл илүү сайжирсан. Харин өнөөдөр дэлхий нийтээрээ хүний хөгжлийн асуудалд анхаарч байгаа энэ цаг үед боловсролын салбарын гол хөдөлгөгч хүч, мөн ирээдүй болсон хүүхэд багачуудын хөгжил, төлөвшлийн суурийг бэлтгэгч багш нарынхаа ур чадвар, нийгмийн асуудалд төвлөрч түүнд чиглэсэн орон нутгийн нэгдсэн бодлого, төлөвлөлт хэрэгтэй байна гэж үзсэн. Хөтөлбөр нь сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургууль, Политехникийн коллеж, насан туршийн суралцахуйн багш, удирдах ажилтнуудад хамаарах юм.
-Тухайлбал, багш нар өөрсдөө боловсорч хөгжих ямар шаардлага үүссэн бэ? Тус аймгийн боловсролын чанар харьцангуй сайн үнэлэгддэг шүү дээ.
-Орчин үеийн хурдацтай дижитал технологид хөтлөгдсөн, даяаршсан нийгэмд амьдрахад шаардагдах мэдлэг, чадвар, хандлагыг суралцагсдад эзэмшүүлэхэд багш олон талын мэдлэг, сургалтын арга барил, ур чадвартай байх хэрэгцээ бий болж байна.
Гэвч багш нарын ээлжит хичээлийн явцад хийсэн ажиглалт судалгаагаар 90 гаруй хувь нь уламжлалт “багш төвтэй” буюу мэдлэгийг шууд дамжуулах арга барилыг хичээл сургалтдаа түлхүү ашигласаар байгаа нь 21 дүгээр зууны суралцахуй болон багшлахуйн зарчимд нийцэхгүй байгаа юм.
Уг нь бол багш чиглүүлж, зөвлөж, харин суралцагчид багшийн өгсөн чиглүүлгийн дагуу шинжлэх ухааны мэдээллийг ашиглан судалж, идэвхтэй оролцож, багаар хамтарч, бие даан бүтээх судлах зэргээр өөрөө мэдлэг, чадвар олж авахыг эрэлхийлдэг “суралцагч төвтэй” арга барилаар сургалтыг зохион байгуулах нь илүү үр дүнтэй.
Мөн боловсролын салбарт 2022 оноос хэрэгжиж эхэлсэн төсвийн шинэчлэлийн хүрээнд “Гүйцэтгэлд суурилсан санхүүжилт”-ийн тогтоцоо нь сургалтын байгууллага, болон багшийн ажлын гүйцэтгэл үр дүнг үнэлж, багшийн мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлох, өөрийн үйл ажиллагааны гүйцэтгэлийг хянах, удирдах, хариуцлагатай хандах соёлыг төлөвшүүлэх улмаар сургалтын чанарыг сайжруулахад чиглэсэн чухал алхам болсон.
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн гүйцэтгэлийн үнэлгээ 2024 оны байдлаар багш нарын 63.6 хувь нь 1-4 дүгээр түвшинд үнэлэгдэж урамшуулал авсан бол 5 дугаар түвшин буюу хангалтгүй үнэлэгдсэн 488 багш байгаа нь нийт багш нарын 38 хувийг эзэлж байна. Тус үнэлгээний сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт сургуулийн өмнөх боловсролд 75 хувь, ерөнхий боловсролын сургуульд 60.6 хувь байгаа.
Манай аймгийн хувьд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсролын хүртээмж, сургалтын чанар, үр дүнгээр улсад тэргүүлэх амжилттай байдаг. Элсэлтийн шалгалтаар сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд эхний байруудад тогтмол шалгарч байна. Хамгийн сүүлд 2024 оны элсэлтийн шалгалтын дундаж үзүүлэлтээр улсад тэргүүлж мөн үндэсний хэмжээнд зохион байгуулсан хөндлөнгийн үнэлгээний үр дүн, амжилтаа олон жил тогтвортой хадгалсан амжилтаараа “Шилдэг үнэлгээтэй аймаг”-аар шалгарсан.
-Аймгийн боловсролын салбарт хэдэн багш ажиллаж байна вэ0 Дутагдалтай багшийн орон тоо бий юу?
-2024-2025 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд 34 сургууль, 45 цэцэрлэг, Политехникийн коллежид нийт 1938 багш ажиллаж байна. Арвайхээрээс бусад сумын ерөнхий боловсролын сургуульд 830, цэцэрлэгт 165, нийт 995 багш ажиллаж байгаа. Аймгийн хэмжээнд 15 судлагдахууны үндсэн болон түр орон тоонд нийт 50 багш дутагдалтайн зэрэгцээ тэтгэврээ тогтоолгосон 28 ахмад багш ажиллаж байна.
Сүүлийн хоёр жилийн судалгаагаар сумдад ажиллаж байгаа багш нараас төв суурин газарт нэлээд шилжин ирж байгаа нь хөдөө орон нутагт багшийн хомсдлыг бий болгож байна. Суманд дэд бүтэц бүрэн тавигдаагүй, амьдрах орон байр зэрэг таатай нөхцөл бүрдээгүй нь шилжилт хөдөлгөөний үндсэн шалтгаан болж байгаа юм.
Тиймээс хөдөө орон нутагт багшлах боловсон хүчний тогтвор сууршилтай ажиллах боломжийг бүрдүүлж, нийгмийн баталгааг хангахад чиглэсэн тодорхой ажлуудыг хөтөлбөрт тусгаж өгсөн. Орон сууцны урьдчилгааны тодорхой хувийн хөнгөлөлт үзүүлэх, гэр бүлийн хэрэгцээний газар өмчлүүлэх, эзэмшүүлэх боломжийг судлан хэрэгжүүлэх, ахмад насны болон 15-аас дээш жил ажилласан багш нарыг эрүүл мэндийн нарийн мэргэжлийн үзлэг оношлогоонд тодорхой үе шаттайгаар хамруулах, эмчилгээ сувилалд амруулах зэрэг ажлыг төлөвлөөд байна.
-Жилд 100 багш буюу нийт 400 багшийг гадаадад сургах зорилтыг дэвшүүлсэн байна. Ямар шалгуур үзүүлэлтээр багш нарыг хамруулах вэ?
-Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаснаар жилд 100 багшийг гадаадын боловсрол, сургалтын байгууллагын сайн туршлагаас судлах, мэргэжил дээшлүүлэх гэх зэргээр хамруулах юм. Тухайлбал Японы сургуулиудын багшаа хөгжүүлэх, сургалтаа сайжруулах дэвшилтэт арга болсон “хичээлийн судалгаа”-аар 40 минутын хичээлийн үр дүн сайжирч, багш нарын заах арга зүй, хамтран ажиллах байдал нэмэгдэх, өөрөөр хэлбэл багшийн хөгжлийг хангах нэг арга зам гэж үзэж байгаа учраас энэ хүрээнд багш нарыг чадвахжуулах, бэлтгэхийг зорьж байгаа.
Сая БНСУ-ын Ансан хотын дарга И Минь Гөнийн урилгаар аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын багт есөн багш багтаж, Ансан хотын Вонгок бага сургууль, Сонпо ахлах сургууль, Шин Ансан их сургуулийн орчин, сургалтын системтэй танилцаад ирсэн.
Энэ удаа мэргэжлийн хөгжлийн бүлгээрээ сайн ажиллаж үр дүнд хүрч байгаа, эрдэм шинжилгээ судалгааны ажлаараа туршлагаа хуваалцсан болон тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллаж байгаа зэрэг багш нарыг энэ айлчлалд хамруулсан. Цаашид гадаад хэлний багш нарыг чадавхжуулах, мэргэжлийн боловсролоор туршлага судлах болон тодорхой шалгуурын дагуу ажлын амжилт гаргасан багш нарыг хамруулахаар төлөвлөж байна.
-Төсөв нь хаанаас гарах вэ?
-Аймаг, орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөр, хандив тусламж гээд бүх боломжийг л судална.
-“Багш хөгжлийн ордон” байгуулна гэж хөтөлбөрт тусгасан байна. Энэ нь ямар зорилготой вэ?
-Хөтөлбөрт багш, удирдах ажилтны тасралтгүй хөгжлийг хангах, хамтын оролцоог нэмэгдүүлэх замаар чадварлаг багшийг бэлтгэх, сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэх зорилтын хүрээнд “Багш хөгжлийн ордон”, ерөнхий боловсролын сургууль бүрт “Багшийн хөгжлийн төв”-ийг үе шаттай байгуулахаар тусгасан. Багш нар ажлын байрандаа хамтран суралцах, мэдлэг, ур чадвар, арга зүйгээ сайжруулах, туршлагаа хуваалцах, танхим болон онлайн сургалтад хамрагдах, мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих, ажлын бүтээмжийг нь нэмэгдүүлэхэд нэн түрүүнд ажлын таатай орчин байх хэрэгтэй.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.