ТӨВ: “Атрын IV аян”-ыг Архуст сумаас эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-04-02 16:38:00

Зуунмод, 2025 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Атрын IV” аян Төв аймгийн Архуст сумаас эхэлж, тус суманд 4 дүгээр сарын 1-ний өдөр тариаланчдын зөвлөгөөн хийлээ.


Тус аян нь тариалангийн тогтвортой хөгжлийг хангах, газар тариаланг мал аж ахуйтай хослуулан, эрчимжүүлж, төрөлжүүлэн хөгжүүлэх замаар хөнгөн, хүнсний үйлдвэрүүдээ шинэ шатанд гаргах зорилготой юм.


Архуст сум нь газар тариалангийн нийт 23 мянган га эргэлтийн талбайтай, жилдээ 14,0-16,0 мянган га талбайг эргэлтэд оруулж байна. 26 аж ахуйн нэгж, 212 иргэн газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байна.


Тус сумын тариаланчид сүүлийн гурван жил таримал тэжээлийн ургацаараа аймагтаа тэргүүлсэн бол Төв аймагчууд улсдаа тэргүүлсэн амжилтыг үзүүлээд байгаа юм. Архустын “Шар манжин” нутгийн брэнд болтлоо алдаршсан билээ.


Түүнчлэн Архуст суманд 143 малчин өрх, мал бүхий 172 өрх, мал аж ахуйн салбарт хамааралтай 315 өрх амьдарч байна. 1 аж ахуйн нэгж, 18 өрх эрчимжсэн мал аж ахуй эрхэлж байгаа бол 13 өрх, 1 фермер сүүний чиглэлийн үхэр үржүүлж байна. 5 өрх махны чиглэлийн үхэр үржүүлж байгаа бөгөөд үхэр сүргийн тоо толгой 44-т хүрчээ.


Архуст сумын Засаг дарга Э.Энхтөмөр нээлтийн үеэр үг хэлэхдээ, Монгол Улсын Засгийн газраас газар тариалангийн тогтвортой хөгжлийг хангах хүрээнд хэд хэдэн томоохон зорилтыг дэвшүүлсний нэг нь эрчимжсэн мал ахуйн суурь тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа нь Архуст сумын газар тариалангийн бодлого, зорилттой уялдаж байна гэв.


2025 онд Архуст сум 15,0 мянган га талбайд тариалалт хийнэ. Үүнээс үр тариа 4800 га, хүнсний ногоо 1000 га, шар манжин, тосны ургамал 2500 га, ногоон тэжээл 7000 га талбайд тариалахаар төлөвлөсөн байна.

 

相关新闻