Говийн бүсийн анхдугаар зөвлөгөөн Дорноговь аймагт болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймаг говийн бүсэд хамаарч байна.
Бүс нутгийн хөгжлийг дэмжих томоохон төслүүд, хөрөнгө оруулалт хөгжлийн асуудлыг ярилцах говийн бүсийн анхдугаар зөвлөгөөнийг ирэх тавдугаар сарын 12-16-нд Дорноговь аймагт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа юм.
Бүсийн анхдугаар
хуралдаан зохион байгуулахтай холбогдуулан Дорноговь аймгийн ЗДТГ-ын харьяа агентлаг,
бусад төрийн байгууллагын дарга эрхлэгч, сумдын Засаг дарга нарыг оролцуулсан
өргөтгөсөн хуралдааныг өнөөдөр зохион байгууллаа.
Говийн бүсийн зөвлөлийг энэ жил Дорноговь аймаг ахалж буй бөгөөд бүс нутгийг дэмжих талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, бүсийн нийгэм эдийн засгийн хөгжлийг асуудлыг зохицуулах чиг үүрэг бүхий говийн бүсийн Зөвлөлийн даргаар Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал томилогджээ.
Говийн бүсэд төмөр зам, авто зам, газрын тос боловсруулах үйлдвэр болон хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр томоохон төслүүд хэрэгжиж буй бөгөөд хөгжлийн асуудлыг говийн бүсийн зөвлөлөөр хэлэлцээд дараа нь Засгийн газарт уламжлах юм. Мөн Засгийн газрын ээлжит хуралдаан энэ үеэр Дорноговь аймагт болно.