БАЯНХОНГОР: Олон улсын театрын өдөр тохиож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. 1962 оноос хойш жил бүрийн гуравдугаар сарын 27-ны өдрийг дэлхийн “Театрын өдөр” болгон тэмдэглэж иржээ. Өнөөдөр Олон улсын театрын өдөр.
Театрын урлаг нийгмийн соёлын байдалтай салшгүй холбоотой байж ирсэн бөгөөд дан ганц техник, технологи, уран бүтээлчдийн чадвар гэхээс илүүтэйгээр үзэгчидтэйгээ хамт хөгжиж байдгаараа бусад урлагаас онцлогтой. Нийгэм хувьсахын хэрээр хүмүүс техник технологид илүү автаж, урлагийн үйл ажиллагааг ч дэлгэцээр үзэх боломжтой болсон. Харин театрын урлаг амьд харилцааны урлаг учраас үзэгчдэд илүү мэдрэмж өгч, соён гэгээрүүлэхээс илүүтэйгээр ёс суртахууны хөрөнгө оруулалт хийдэг байна.
Баянхонгор аймаг хоёр театртай. Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театр, Хүүхдийн Тэмүжин театр тус тус үйл ажиллагаа явуулж байна.
Аймгийн Хөгжимт драмын театрын түүхэн замнал нь 1942 оноос эхтэй. Анх 2 гэртэй байгуулагдан аймгийн Клуб нэртэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд клубийн нээлтээр Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуурийг хуучин эхээр, “Цэнд комиссар”, “Ардын зориг”, “Харанхуй засаг” зэрэг драмын жүжиг, концертыг тоглосон түүхтэй. Аймгийн клуб нь 1953 онд орон тооны 13 жүжигчинтэй болж өргөжин, тухайн үед уран бүтээлийн бие даасан анги бий болоогүй байсан учраас 13 жүжигчин нь жүжиг тоглодог, дуу дуулдаг, шүлэг уншдаг, бүжиг бүжиглэдэг, хөгжим ч тоглодог байсан байна.
1958 онд аймгийн клубийг Соёлын ордон болгон өргөтгөж орон тооны 18 жүжигчинтэй, 30 гаруй сайн дурын уран сайханчтай ажиллаж, мөн үеэс дуу, хөгжим, бүжиг, драм, үйлдвэр зохион байгуулах зэрэг мэргэжлийн ангиудтай болжээ.
Улмаар 1977 онд 600 гаруй хүний суудалтай, 80 шахам уран бүтээлчтэй, нийт 110 ажилтантай мэргэжлийн урлагийн байгууллага болж, театрын нээлтээр Төрийн шагналт, УГЗ Бирваа, Рэгсүрэн нарын “Эрдэнэтээлийн уянга” дуурь, “Гурван бүсийн нутаг” концертыг тоглосон байна. Ийнхүү аймгийн Соёлын ордон мэргэжлийн урлагийн байгууллага Хөгжимт драмын театр болсноор жинхэнэ мэргэжлийн өнгө аястай болж, хөгжимт драмын чиглэлээр хөгжих үндэс суурийг тавьжээ.
Баянхонгор аймгийн Тэмүжин театр нь 1986 онд байгуулагдсан Монголын анхны хүүхдийн театр юм.
40 шахам жилийн түүхтэй тус театр 30 гаруй ажилтан, дөрвөн албатай, сургалт, уран бүтээл гэсэн үндсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Театрынхан жилийн турш хүүхэд багачуудад зориулсан хуваарьт 12 тайлан тоглолтыг тавьдаг бөгөөд бүжиг, драм, үндэсний хөгжим зэрэг дугуйлан хичээллүүлдэг.