Өнгөрсөн онд 65 мянган украинчууд Оросын иргэн болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /TASS/. 2015 онд ОХУ-ын иргэншил авсан гадаадын иргэдийн гуравны нэгийг Украины дүрвэгчид эзэлж байна гэж Оросын Дотоод хэргийн яамны Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий газрын орлогч дарга Валентина Казакова мэдэгдэв.
"Өнгөрсөн онд 200 мянган хүн Оросын иргэншил авснаас 65 мянга нь Украины иргэд байсан. Энэ тоо нь украинчууд Орос улсад амьдрах хүсэлгүй байдаг гэсэн мэдээллүүд үндэслэлгүй болохыг харуулж байна" гэж тэрбээр онцоллоо.
Түүний ярьснаар "Украины зүүн өмнөд нутгийн нэг сая гаруй иргэн ОХУ руу шилжиж, янз бүрийн статустайгаар амьдарч байна. 440 мянга гаруй хүн орогнол хүссэн өргөдөл гаргасан байгаа. Орон нутгуудад ирж суурьшин, Оросын иргэншил авсан хүмүүсийг тооцвол одоогийн байдлаар 270 мянга гаруй хүн бүртгэгдээд байгаа" аж.
ДХЯ-ны мэдээлснээр, одоогийн байдлаар Оросын 25 мужид түр орогнуулах 47 төв үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрт 558 хүн амьдарч байна. Хөгжлийн бэрхшээлтэй, өөрийгөө тэжээх чадваргүй хүмүүс болон олон хүүхэдтэй гэр бүлүүдийг эдгээр төвүүд рүү илгээдэг байна.
Д.Нямтулга