Цэрэг татлага зохион байгуулахад онцгой анхаарал хандуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Цэргийн албаны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-15-нд болно.
Үүнтэй холбогдуулан БХЯ-наас хугацаат цэргийн албаны цэрэг татлагын бэлтгэл ажлыг хангах хүрээнд Эрүүл мэндийн яам, ХХЕГ, Дотоодын цэрэг, Цэргийн төв эмнэлэг, Нийслэлийн эрүүл мэндийн газар, аймаг, нийслэл, дүүргүүдийн эрүүл мэндийн төв, ЗДТГ болон харьяа цэргийн штабуудтай хамтран “Цэрэг татлага 2025” зөвлөгөөнийг зохион байгуулав.
Зөвлөгөөнөөр хугацаат цэрэг татлагын зохион байгуулалтыг сайжруулах, Монгол Улсын Засгийн газраас тогтоосон хяналтын тоонд хүргэх, цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн байдал, цэрэг татлагын үеийн эрүүл мэндийн үзлэгт анхаарах зэрэг чухал асуудлаар Батлан хамгаалах салбар, эрүүл мэндийн салбарын ахлах мэргэжилтнүүд санал солилцож, цаашид анхаарах шаардлагатай зарим асуудлыг тодорхойлжээ.
Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар цэргийн насны залуусын дунд архи согтууруулах ундаа, тамхины хэрэглээ бусад насныхантай харьцуулахад хамгийн өндөр байна. Мөн энэ насныхан сэтгэцийн эрүүл мэндээс үүдэлтэй осол гэмтэлд өртөх цаашлаад амиа хорлох зэрэг сөрөг үр дагавар үүсэж байгаа нь өдөр тутмын амьдралын буруу хэв маяг, нийгмийн хүчин зүйлээс шалтгаалж байна. Цэргийн насны залуусын дунд зүрх судасны эмгэг, мэс, гэмтлийн эмгэг, арьсны эмгэг, шүд, эрүү нүүрний эмгэг, сэтгэцийн эмгэг их байгаа нь цэргийн албанд тэнцэхгүй байх суурь шалтгаан болж байгааг онцоллоо. Иймд Батлан хамгаалах салбар цэргийн насны залуусын эрүүл мэндийн үзлэгийг чанаржуулж, цэрэг татлагын зохион байгуулалтыг сайжруулах тал дээр онцгой анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлэв.