СЭЛЭНГЭ: Монгол хэлний дүрмийг цээжлэх, тогтоох чадварыг ахиулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны гуравдугаар сарын
25 /МОНЦАМЭ/. Суралцагчдын эх хэлээрээ зөв бичих, ярих чадварыг
дэмжих, монгол хэлний дүрмийг цээжлэх, тогтоох чадварыг хөгжүүлэх, цаашид суралцах
хүсэл тэмүүлэл, эрмэлзлэлийг нь дэмжих үйл ажиллагааг тогтмолжуулан явуулж хэвшжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын боловсролын
байгууллагаас жил бүр 4-р ангийн суралцагчдын дунд "Бид дүрэмч" үйл ажиллагааг зохион
байгуулдаг байна.
Энэ удаа тус сумын ЕБ-ын 1-р сургууль дээр 2 үе
шаттайгаар, 90 суралцагчийг оролцуулан зохион байгуулжээ.
1-р үе шатанд 4-р ангийн 4 бүлгийн нийт 90
суралцагчид анги бүлэг дотроо үйл ажиллагааг зохион байгуулж анги бүрээс тус
тус 5 суралцагчийг тодруулжээ.
2-р үе шатанд анги бүрээс шалгарсан 4 бүлгийн 20 суралцагч оролцож, нийлбэр дүнгээр Ц.Ганчимэг багштай 4а ангийн хамт олон тэргүүн байрын эздээр шалгарсан байна.
Тэмцээний талаар Ц.Ганчимэг багшаас тодруулахад,
“Хүүхдүүд хичээл дээрээ сурсан мэдсэн зүйлээ, зөв бичих дүрмээрээ бусад
хүүхэдтэйгээ өрсөлдөх, хэн сайн мэдэж байна гэдгээ харуулах тэмцээн юм. Бид
зөвхөн хичээлийн программд орсон сурах бичгээр хязгаарлахгүйгээр өөр үг олж хүүхдүүдээрээ
тайлбарлуулдаг. Тэр бүр журамласан үг чинь хичээлийн хөтөлбөр дээр байдаггүй. Тэмцээнд
оролцохын тулд хүүхдүүд маш их хичээж, бэлтгэж, зөв бичих дүрмээ олон үг дээр тайлбарлаж
сурдаг. Энэ нь хүүхдүүдэд маш үр дүн, өгөөж өгдөг” хэмээн ярилаа.