СЭЛЭНГЭ: Шинэ цахим систем нэвтрүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны гуравдугаар
сарын 20 /МОНЦАМЭ/.
“Төрийн болон орон нутгийн өмчийн
бүртгэл, удирдлага зохицуулалтын цахим систем”-ийг нэвтрүүлнэ.
Энэхүү үйл ажиллагаанд
зориулсан бэлтгэл хангах сургалтыг
Сэлэнгэ аймгийн орон нутгийн Өмчийн газрын Өмчийн бүртгэл ашиглалт хариуцсан
ахлах мэргэжилтэн С.Чулуунцэцэг явууллаа.
Тэрбээр
орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн
нярав, нягтлан бодогч нарт орон нутгийн өмчийн бүртгэл, удирдлага,
зохицуулалтын цахим системийн шилжилтийн программд санхүүгийн тайлан мэдээг хэрхэн
оруулах талаар мэдлэг олголоо.
Дээрх шинэ цахим
систем нь 2025 оны 9 дүгээр сард бүрэн нэвтрэх бөгөөд улсын бүртгэлийн
газрын систем, авто тээврийн үндэсний төв, татвар, торгууль, газар зүйн гэх системүүдтэй бүрэн холбогдох юм.
Шинэ цахим системд
холбогдсоноор хөрөнгийн карт хэвлэх, QR коджуулах, нярвын программын модуль, өмч хамгаалах
байнгын зөвлөлийн модуль, хүчирхэг хайлтын систем, устгасан мэдээлэл сэргээх
боломж, хөрөнгийн элэгдэл олон янзаар бодох, цахим гарын үсэг, өмчийн
бүртгэлийн цонхыг хөрөнгийн шинж чанар ангиллаас хамааруулан динамикаар өөрчилж
болох гэх мэт олон давуу талтай юм.