ОРХОН: Жаргалант сумын 30 айлын орон сууц журам батлагдахаар оршин суугчдаа хүлээн авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-03-19 16:11:33

Баян-Өндөр, 2025 оны гуравдугаар сарын 19 / МОНЦАМЭ/. Орхон аймгийн хоёр сумын нэг Улсын тэргүүний Жаргалант сум өөрийн хөрөнгөөр 30 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байгаа. Иргэдийн гэр бүлийн худалдан авах чадварт нийцсэн 30 айлын орон сууцны барилгын ажлыг "Сигма Эс" ХХК 4,7 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэн, улсын комисс ажиллан хүлээлгэн өгсөн ч оршин суугчдаа бүрэн аваагүй байгаа юм.


Тус барилга нь зоорины давхартай 3 давхар угсармал барилга бөгөөд төвийн дулаан, төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдсон орчин үеийн орон сууц юм. Анх 2023 онд барилгын суурь, 3 давхар өрлөгийн ажил хийгдэж гадна дотор дулаан, цэвэр ус холбогдсон бөгөөд 2024 онд гадна талбайн тохижилт, дотор засварын ажил хийснээр барилгын ажлыг ашиглатад бүрэн аваад байна.


Тус орон сууцны барилгыг ашиглалтад оруулснаар суманд дутагдалтай байгаа боловсон хүчнүүд тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжоор хангагдаад зогсохгүй иргэд хямд өртөгтэй орон сууцаар хангагдах бүрэн боломж бүрдсэн. Харин үүнтэй уялдуулан тус орон сууцны эхний хоёр оршин суугч багш, эмч мэргэжилтэн зэрэг хоёр айл орсноос хойш нэмж сумын иргэд ороогүй байгаа юм.


Учир нь удахгүй сумын иргэдийн нийтийн хурлаар жишиг орлогод нийцсэн үнийг баталснаар үлдсэн 28 айлын орон сууцыг худалдан борлуулах тухай сумын орлогч дарга Т.Лхагвацэрэн хэлж байна. Мөн Жаргалант сум нэмж хуучин 12 айлын орон сууцаа шинэчлэн барьж байна.


Ингэснээр сум орон нутагт ажиллаж амьдарч буй нийт 42 айл орчин үеийн орон сууцанд амьдрах нөхцөл бүрдэж байна.

Жаргалант сумын хувьд байгуулагдаад 47 жил болж буй бөгөөд нийт сумын төвд 15 орон сууц байдаг үүнээс хоёр орон сууцны барилгыг сумын өөрийн төсвийн хөрөнгөөр бариад байна.



相关新闻