Бие бялдрын түвшин тогтоох сорилын ажлаар Хэнтийнхэн гуравт оржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн Биеийн Тамир Спортын газрын Бие бялдрын түвшин тогтоох сорил, сургалт сурталчилгаа, бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б.Гантулгатай "Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ын тухай тодруулж ярилцлаа.
- Бие бялдрын түвшин тогтоох сорил гэдэг нь чухам юу вэ? Энэ талаар манай уншигчдад мэдээлэл өгнө үү?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 053 тоот зарлиг гарч, Монгол Улсын хүн амын орчин үеийн эрүүл амьдралын хэв маяг, зан үйлд сургах, аливаа саад бэрхшээлийг даван туулах бие, сэтгэлийн тэсвэр хатуужилтай шинэ үеийг бий болгох зорилгоор “Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ыг авдаг болсон. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар жил бүр хавар, намрын улиралд орон даяар явагддаг ажил байгаа юм.
- Хэдээс хэдэн насныхан энэхүү сорилыг өгөх шаардлагатай байдаг вэ?
-Нийтийн биеийн тамир спортыг бүх шатанд хөгжүүлэх ажлын хүрээнд Бие бялдрын түвшин тогтоох сорил /ББТТС/-д Монгол Улсын 03-64 насны бүхий л иргэд хамрагдах ёстой байдаг. Харин жирэмсэн болон хөгжлийн бэрхшээлтэй тахир дутуу, даралт ихтэй хүмүүсээс уг сорилыг авахгүй.
- Энэхүү сорилыг өгснөөр ямар ач холбогдол, үр дүнтэй вэ?
-Хамгийн гол нь хувь хүн өөрийнхөө бие мах бодийг ямар түвшинд байгааг мэдэж авахын зэрэгцээ цаашид юун дээр анхаарах вэ гэдэг ойлголттой болох юм. Бие бялдрын түвшин тогтоох сорилыг үнэн зөв өгснөөрөө Та илүүдэл жин, хөдөлгөөний идэвх сайжруулах, Бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшинг тодорхойлох, Бие бялдрын хөгжил, чийрэгжилт сул хөгжсөн эсэхийг олж мэдэх, хөгжүүлэхэд анхаарал тавих, биеийн тамир спортоор хичээллэн чийрэгжих гэх мэт олон давуу талуудыг өөртөө бий болгодог ач тустай.
- Хэнтий аймаг 2015 оны ББТТСорилын ажлаар улсад 3-р байранд шалгарсан амжилт үзүүлсэн байна лээ?
-Тиймээ. 2015 оны ББТТСорилын ажлын нэгдсэн дүнгээр улсын хэмжээнд анх удаа манай аймаг 3-р байранд орсон амжилтыг үзүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “БАТЛАМЖ”-аар шагнагдсан байгаа. Энэ хүрээнд 2015 оны ББТТСорилын үйл ажиллагааг идэвх санаачлагатай зохион байгуулсан Баян-Овоо, Биндэр, Бор-Өндөр, Дархан, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Мөрөн, Норовлин сумд, Хэрлэн сумын 5-р цэцэрлэг, Онцгой байдлын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар зэрэг байгууллагуудыг аймгийн Засаг даргын гарын үсэг бүхий “БАТЛАМЖ”-аар шагнаж урамшуулсан. Энэ дашрамд ББТТСорилд идэвхтэй хамрагдсан нийт иргэд, байгууллага, аж ахуйн нэгж, сумдынхан Та бүхэндээ талархал илэрхийлье.
- 2016 оны сорилын тухай мэдээлэл өгвөл ?
-2016 оны ББТТСорил хавар 4 сард, намар 9 сарын 1-нээс эхлэн явагдаж байна. Иймд Та бүхнийг сорилдоо идэвхтэй хамрагдаж, эрүүл амьдралын төлөө алхам алхмаар хамтдаа урагшлахыг уриалж байна.
Хэнтий Д.Одонтунгалаг