Хэрлэн суманд хамгийн олон гэмт хэрэг үйлдэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-10-27 10:18:40

Хэнтий аймгийн прокурорын газраас гаргасан эрүүгийн нөхцөл байдлын судалгаагаар 2016 оны эхний 3 дугаар улирлын байдлаар Хэрлэн суманд 123 гэмт хэрэг үйлдэгдсэн гэж бүртгэгджээ. Энэ нь бусад сумдтай харьцуулахад өндөр тоо бөгөөд нийт гэмт хэргийн 37 хувийг эзэлж байна.

Тус суманд үйлдэгдсэн гэмт хэргүүд дотор бусдын эд хөрөнгийг хулгайлах, танхайрах, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргүүд зонхилж байгаа юм.

Судалгаанд оны эхний гурван улирлын байдлаар Хэрлэн суманд 123, Дэлгэрхаан суманд 8, Баян-Овоо суманд 9, Баян-Адрага суманд 3, Батноров суманд 29, Биндэр суманд 20, Өмнөдэлгэр суманд 19, Мөрөн суманд 9, Баянхутаг суманд 10, Батширээт суманд 5, Норовлин суманд 7, Биндэр суманд 10, Жаргалтхаан суманд 13, Цэнхэрмандал суманд 9, Бор-Өндөр суманд 35, Дархан суманд 11, Баянмөнх суманд 4, Галшар суманд 8 гэмт хэрэг үйлдэгдсэн нь бүртгэгджээ.

Судалгааны дүнгээс үзэхэд гарч буй гэмт хэргүүдийн ихэнх нь хувь хүний ухамсар, төлөвшил, ажилгүйдэл, архидалт, хоорондын хувийн таарамжгүй зүй бус харьцаа, хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго, мөн иргэдийн эд хөрөнгө болон малаа хариуллагагүй байлгадаг хайнга байдал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих, хурдны зам дээр хурд хэтрүүлэх, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам дагаж мөрддөггүй байдал, хувь хүний санамсар болгоомжгүй байдал зэрэг шалтгаан нөхцлүүдээс үүдэлтэй гарсан аж.

Цаашид гэмт гарч буй шалтгаан нөхцлийг арилгах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнууд хуульд заасан тодорхой төрлийн арга хэмжээнүүдийг орон нутгийн хууль хяналтын байгууллагуудтай хамтран авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг аймгийн Прокурорын газраас анхааруулж байна.

Хэнтий Д.Одонтунгалаг

相关新闻