Галын улмаас нэг айлын хоёр бяцхан хүүхэд энджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3-р багт амьдардаг нэгэн айлын 2 нас 9 сартай болон 5 сартай хоёр хүүхэд гал түймэрт өртөж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Энэ сарын 18-ны өдрийн 21 цаг 9 минутанд Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49-р ангид дуудлага ирсний дагуу тус ангиас жижүүрийн салаа шуурхай очиход гэр бүрэн шатсан байдалтай байжээ. Шалтгаан нөхцлийг тодруулахаар Цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна.
“Урьдчилсан таамаглалаар шатах тослох материалыг зуухандаа галаа хурдан асаах зорилгоор хэрэглэснээс үүдэж гал гарсан байж болзошгүй байна” хэмээн аймгийн ОБГ-аас мэдээллээ. Тухайн үед гэрт хоёр хүүхдээс гадна хүүхдүүдийн аавынх нь ах хамт байсан гэх мэдээлэл байгаа юм.
“Дулаан цахилгааны хэрэглээ нэмэгдэж байгаа энэ үед гал түймрийн тоо хэмжээ өсөх хандлагатай байдаг учир цахилгаан тоног төхөөрөмжийнхөө галын аюулгүй байдлыг анхаарах шаардлагатай” байгааг аймгийн Онцгой байдлын газраас ард иргэддээ анхааруулж байна.
Хэнтий Д.Одонтунгалаг