БАЯНХОНГОР: Хэрэглэгчдээс шалтгаалах зөв дадлыг сурагчид нөлөөллийн аргаар таниулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Дэлхий нийтээрээ жил бүрийн гуравдугаар сарын 22-нд “Усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Үүний гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах ач холбогдолтой юм.
“Мөнх цас, мөсөн голыг хамгаалан авч үлдэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх “Дэлхийн усны өдөр-2025” үйл ажиллагааны хүрээнд аймгийн ЕБС-иудын "Эко клуб"-ийн 70 гаруй сурагчид байгаль орчны салбар байгууллагуудын үйл ажиллагааг танилцуулах автобустай аяллыг Баянхонгор хотноо зохион байгууллаа. Сурагчид “Чандмань-Баянхонгор” ХК-ийн оффисын ажлын байр, цэвэр усны эх үүсвэрийн байгууламж, бохир ус цэвэрлэх байгууламжтай танилцан, ус түгээх үйл ажиллагаа хэрхэн явдаг процессын талаар мэдээлэлтэй болов.
Сурагчид цэвэр ус олборлон хэрэглэгчдэд хэрхэн хүрдэг, хэрэглээнээс гарсан бохир усыг цэвэрлэх байгууламжид хэрхэн хүлээн авдаг зэрэг үйл ажиллагаатай биечлэн танилцсанаар энэ үйл ажиллагааг хэвийн явуулахад хэрэглэгчдээс шалтгаалах зөв дадлуудыг нөлөөллийн аргаар бусдад сурталчлан таниулах ач холбогдолтой юм.
Анх 1992 онд НҮБ-ын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлсэн байна. Улмаар 1993 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг анх НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглажээ.