Цэргийнхний нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг өөрчлөхийг дэмжсэнгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-10-26 18:02:55

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төсөлд цэргийн албан хаагчийн тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж бодоход цалин хөлсийг үндэслэн тооцож байгааг өөрчилж, бусад төрийн жинхэнэ албан
хаагчийн жишгээр албан тушаалын үндсэн цалинд үндэслэн тооцдог байх зохицуулалтыг тусгасан.

Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр энэ үеэр хэлэхдээ, "Төрийн багана болж байгаа салбарынхны албандаа итгэх итгэлийг сулруулах ийм бодлого байж болохгүй. Өнөөдөр 1000 гаруй алба хаагч, офицер ажлаас халагдах өргөдлөө өгчихөөд байна. Эд нар чинь шат шатны бэлтгэл дамжиж гарч ирдэг. Өнөөдөр энэ салбарт хоёр ноцтой асуудал гарч ирээд байна. Нэгдүгээрт сонсогч нарын тэтгэлгийг зогсоосон, хоёрдугаарт нэг удаагийн тэтгэмжийг нь бууруулахаар оруулж ирсэн байна. Өнөөдөр дэлхий итгээд энхийг дэмжих ажиллагаандаа оролцуулж байна. Энэ салбар ямар хол явсныг та нар мэдэхгүй байна" гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар "Төрийн албан хаагчдын цалин тэтгэмжтэй холбоотой асуудлыг гэнэдүүлж оруулж ирдэг байж болохгүй. Ямар ч тохиолдолд өмнө нь бодож судлах боломжоор хангасан байх ёстой" гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ.

Төсөлтэй холбогдуулж үг хэлсэн гишүүдийн хувьд ч цэргийнхэн бол тушаалаар ажилладаг онцгой салбар. Нэг удаагийн тэтгэмждээ найдаад тогтвор суурьшилтай ажиллаж байгаа хүн олон бий. Тиймээс энгийн албан хаагчтай адилтгаж болохгүй хэмээж байв.  Ингээд хуулийн төслийг буцаах зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжлээ. Иймээс хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

                                                                                                                                      Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

相关新闻