Нэгэн жаран эзэгнэсэн шагай харваач

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-10-26 17:13:19

Монгол түмний дунд олон зуун жил бодитойгоор оршиж ирсэн “Шагай харваж наадах” наадам цэнгүүн бол дэлхийд өөр хаана ч байхгүй монголчуудын соёлын үнэт өв юм. Энэ наадам цэнгүүнийг монголдоо төдийгүй дэлхийд дэлгэрүүлэхийн төлөө бүхий л ажил амьдралаа зориулж яваа хүн бол Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харъяат Монгол Улсын Гавъяат малчин, ХАА-н хүндэт профессор Гомбоцэрэнгийн Сампил.

Сампил гуай жаран жил шагай харвасан нэг ёсондоо жаран эзэгнэсэн шагай харваач билээ. Жаран эзэгнэсэн харваач гэдэг өнөөгийн нөхцөлд гарын таван хуруунд л багтана. Тэдний үед одоогийнх шиг сүртэй цол гуншин ч олгодоггүй байв. Харин ард түмэн тэдэнд улсын алдарт мэргэн харваач цолыг зүй ёсоор өгөх агаад халхын 18 аймагт нэр алдар нь цуурайтсан харваачид энэ алдрыг зүй ёсоор хүртэх бөлгөө. Тухайлбал, Дорнодын Цогтжав, Дорноговийн Дөш, Хэнтийн Сампил, Төв аймгийн Баянхүү, ... гээд ард түмэн алдаршуулсан харваачид өдгөө цагт цөөн үлджээ. Гэлээ ч эдгээр цуутнуудын залгамж халаа тасраагүйгээр барахгүй улам өрнөн дэлгэрч буйг харахад бахдалтай.
Бид өөрсдөө нэгэнтээ монголынхоо үндэсний гэх тодотголтой өв соёл бүхнийг уландаа гишгэж хавчин хяхаж байсан цаг үе бий. Ингэж хавчигдаж байсан зүйл бол шагайн харваа байв. Гэвч шагайн харваа нь хүн байгаль хоёрын шүтэлцээг өөртөө агуулсан, нүүдэл суурьшлын зохицохуйд оршиж чаддаг, нэг нь нөгөөдөө хүндэтгэл үзүүлэх урам хайрлахын ур ухааныг уухайгаараа илэрхийлж байдаг хамгийн бага хөрөнгө зардлаар олон мянган хүнийг нэгэн зэрэг наадан цэнгүүлж болдог үндэсний соёлын үнэт өв байлаа.
Шагайн үүсэл хөгжлийн тухайд Г.Сампил гуай ийм бодолтой явдаг. Юу гэвээс хүй нэгдлийн байгуулал задарч хүн төрөлхтний хөдөлмөрийн анхдугаар их хуваарь буй болсон тэр цагаас зэрлэг ан амьтдыг гаршуулж гэрийн тэжээвэр болгон таван хошуу мал сүргийг амьдралын эх суурь болгон эрхэлж, хөтөлж ирсэн тэр үеэс нүүдэлчдийн соёл иргэншилийн их түүх эхэлдэг. Уламжлалт бэлчээрийн малтай нүүдэлчин овог аймгуудын дунд малынхаа ашиг шимийг бүрэн дүүрэн авч амьдрал ахуйдаа хэрэглэж ирсний дотор ялангуяа хүнсэнд хэрэглэсэн малынхаа мах, арьс, нэхий, яс ялгадас зэрэгт маш хүндэтгэлтэй хандаж эрүүл мэндээ нөхөн сэргээх, эрхлэн тоглох наадам цэнгээний чухал хэрэгсэл болгон ашиглаж ирсэн уламжлалтай. Үүний нэг жишээ нь мал болон зээрийн шилбэнд байдаг дөрвөн бэрхийн буулт бүхий жижигхэн ясыг “шагай” хэмээн нэрлэж түүнийг гэрийн тоглоом наадамд хэрэглэх арга ухааныг сүвэгчлэн бүтээсэн төдийгүй хүн ардынхаа ёс зан заншил, ой ухааныг хөгжүүлэх, бие биедээ хүндэтгэлтэй хандах харилцааны өндөр соёлыг эзэмшүүлэхэд чиглэгдсэн байна.
Шагай шүүрэх, шагай няслах, шагай таах, богцог няслах зэргээс салбарлаж гарсан “Шагайн харваа” наадам нь Гурван голын эхээр нутаглаж байсан Хамаг Монголын олон овог аймгуудын дунд хүчтэй түгэн дэлгэрч байсныг түүхийн зарим эх сурвалжуудад тов тодорхой тэмдэглэн үлдээсэн байдаг.

Сурвалж бичгүүдэд,
Харвах намнахдаа мэргэн
Халх монголын эрчүүд
Хана Хасаа өрж
Харваа, цэц мэргээ сорьдог байжээ гэсэн нь Гурван голын сав нутгийн эрчүүд ав ан хомрогод мордох, цэрэг дайны бэлтгэл хангах цугларалтынхаа үед шагай харваж наадан, отог овгоороо багшин нэгдэж бие биедээ хүндэтгэл үзүүлж урам хайрлах ур ухаанаа дэлгэрүүлж байсны гэрч билээ.
Шагай харваж наадах үндэсний тогтолцоо, тоглоомын дэг горим нь нэг баг 7-8 эрчүүдээс бүрдэх ба тоглож буй хоёр баг 30 хасаа өрж 9 тохой зайнаас нийллэг, шувтарга, гоц мэргэ гэсэн үеүдэд баг бүрээс 2 харваач сууж тус бүр 4 сум тавьж 3 өрөг харваж нэг нь нөгөөгөөсөө таван хасаа татаж чадсан тохиолдолд хожил тооцдог журамтай. Ингэж тоглох явцдаа тухайн 2 баг дундын сайхан уухай хөгжөөж баг харваачдадаа уухайгаар хүндэтгэл илэрхийлж бас урам хайрлан оноо цэц мэргийг нь улам ахиулдаг юм.
Шагайн уухай нь бүс нутгийн түмэн олны зан үйл, соёл, хэв маягаас үүдэлтэй дөрвөн чиглэлд хуваагддаг.
1. Төв халхын угалз уухай
2. Боржигон уухай
3. Зуутын идэрийн уухай
4. Баруун Монгол буюу Дархад уухай гэж төрөлжүүлэн ардын язгуур урлагийн төрөлд багтаан үндэсний соёлын үнэт өв хэмээн үздэг байжээ.
Манай нэрт яруу найрагч, төрийн соёрхолт Р.Чойном Монголынхоо тухай нэгэн шүлэгтээ, Монгол гэдэг чинь Адууны үнэртэй халхын талд байдаг юм
Агар зандан хашлаганаас тавих сумны уухайнд байдаг юм
Айраг найрын хуа дэмбээнд байдаг юм гэж яруу сайхнаар дүрсэлж адуу, шагай, айраг гурваар аугаа монголын дүр төрхийг холын хүний сэтгэлд хүргэж байсан бөлгөө.
Үндэсний шашин соёлынхоо үнэтэй бүхнийг алдаж нэг намын ноёрхол номчлогдсон үзэл суртал хоёрт нийцэхгүй бүхнийг хавчиж хааж байсан захиргаадалтын хатуу ширүүн он жилүүдэд шагайн харваа мөн л бусдын адил хавчигдан дарамтлагдаж байсан түүх давтагдах ёсгүй. Шагайн тойром харвуулсан хэргээр Дорноговь аймгийн ахмад харваач “Шар” хэмээх Дамдинжав шоронд хоригдож, орон нутгийн намын хорооны ажилтан Х.Даваадагва намаас хатуу шийтгэл хүлээж тойром харвасан олон арван харваачид чулуу бэлтгэж малын хороо барих ажилд хугацаагүй дайчлагдаж, зарим нь эрхэлсэн ажил албанаасаа халагдаж байжээ. Ийм байдал улс орныг нэлэнхүйд нь хамарч байсан хэдий ч манай ахмад үеийн харваачид үндэсний соёлын энэ үнэт өвөө хайрлаж хамгаалан, хадгалан авч ирж хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан хувьсгалтай золгуулж чадсан юм. Ингэснээр гүрэн орныхоо хэмжээнд шагай харваж нааддаг 10000 шахам харваачдыг эгнээндээ нэгтгэсэн Монголын Шагайн Холбоо хэмээх төрийн бус байгууллага 1998 онд байгуулагдаж, төв орон нутгийн чанартай тэмцээн уралдааныг голчлон явуулж жил бүр улсын аварга шалгаруулах тэмцээн, улсын баяр наадмын харваа зэргийг зохион байгуулж, эхний гурван байр эзэлсэн баг харваачдад Улсын мэргэн, гарамгай мэргэн, дархан мэргэн, үлэмж дархан мэргэн, дэд мастер, спортын мастер цол олгодог болсон байна.
Эдгээрийн дотор Жаргалтхаан сумын уугуул, Монгол улсын Үлэмж дархан мэргэн, Спортын мастер Жанчивын Машбат, Төв аймгийн Өндөрширээт сумын уугуул Монгол улсын гарамгай мэргэн, 2002 оны Манлай харваач Доржсүрэнгийн Юмгэрэн, Дорнод аймгийн уугуул Монгол улсын Үлэмж дархан мэргэн, Спортын мастер Бадарчийн Шинэбаяр, Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Монгол улсын Гарамгай мэргэн, 2000 оны Манлай харваач Готовын Галбадрах, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын уугуул, Монгол улсын Үлэмж дархан мэргэн Спортын мастер “солгой” хэмээх Болор нарын суу алдар нь орон даяар цуурайтсан тэнгэрлэг сайхан харваачдыг нэрлэж хэлэхэд нэн таатай байна. Өнөө жилийн Үндэсний их баяр наадмын шагайн харвааны тэргүүн магнай тодруулах их харваанд улс орны өнцөг булан бүрээс хуран цугларсан Лха таван тэнгэр нь бадарсан 500 гаруй харваачид оролцсон нь үндэсний их баяр наадмынхаа сүр хүчийг улам өргөж байлаа.
Өнө эртний улбаа түүхтэй
Өвгөд дээдсийн уухайн түрлэгтэй
Наадаж тоглох нарийн горимтой
Найзалж багших идийг бүтээсэн
Үндэсний соёлын үнэт өв шагайн харваагаа
Үндэс язгуураар нь дэлгэрүүлэн хөгжүүлцгээе
Үндэсний их баяр наадмаараа
Магнай мэргэнээ шалгаруулах харваачдадаа
Машид их оноогоо хайрлацгаагаарай хэмээн Сампил гуай ерөөл айлдаж байна. Тэрбээр шагайн наадмыг сэргээж хөгжүүлэх үйлсэд бие сэтгэлээ зориулж явааг өмнө хэлсэн. Тухайлбал,
1-рт, Шагайн уухайг үндэсний язгуур урлагийн төрөлд багтаах санал дэвшүүлж хөөцөлдсөөр /тэр үеийн соёлын яам/ язгуур урлагийн улсын үзлэг зохион байгуулах хорооны удирдах хүмүүст ойлгуулж зөвшөөрүүлж чадсанаар бүс нутгийн онцлогоо илэрхийлсэн уухайн 5 төрлийг судалж тогтоон 1984 онд болсон улсын үзлэгт Жаргалтхаан сумын харъяат ахмад харваач өвгөн Шархүү гуай төв халхын “Угалз Уухайчин”-аар шалгаран алтан медаль авч байлаа. Үүнд соёлын яамны орлогч Сайнтөр, Баатарцогт, урлаг судлаач Ж.Бадраа агсан нар ихээхэн дэмжлэг үзүүлж халуун дотноор хүлээж авч байв. Яг энэ үеэр /1984 онд/ Хэнтий аймгийн харваачид бүтэн баг бүрэлдэхүүнээрээ шагай харваж уухай өргөөд Монголын кино мэдээнд зургаа авахуулж анх удаа захиргаадалтын хатуу ширүүн нөхцөлд кино мэдээгээр шагай сурталчилж байсан нь тэр үеийн нам засгийн удирдлагуудад нэгийг бодогдуулсан буй заа. Үүнийхээ дараахан буюу 1987 онд “Шагайн тойром” хэмээх киног урлагийн гавъяат зүтгэлтэн Цогзол бүтээхэд хэнтийн шагайчид биечлэн оролцож ялангуяа хөрөнгө санхүүгийн асуудлыг нь улсын төсөвт суулгах талаар Баатарцогт сайдад хандаж дэмжлэг авч байлаа.
2-рт, Шагайг залуу үеийнхэндээ өвлүүлэхийг өрх гэрийнхээ хүрээнд хүүхдүүдээсээ эхэлсэн явдал нь олон түмэнд маш хурдан түгэхэд хүргэсэн.
З-рт, 1991 онд ОХУ-ын Чита мужийн Агын тойрогт Шагайн харвааны бүх хэрэгсэл төхөөрөмж бэлтгэн үзүүлэх тоглолт хийж, хүү С.Батбаярыгаа хоёр сарын хугацаагаар дасгалжуулагчаар ажиллуулж байв. Тэр үед аймгийн спорт хорооны дарга Ч.Бат-Эрдэнэ их дэмжлэг үзүүлжээ. Ингэж хилийн чинадад суугаа монголчуудынхаа дунд шагайн харвааг хөгжүүлэх эхлэлийг тавьж байв. Зургаа тасдуулсан монголоо нэгтгэхэд шагайн харваа нөлөөлнө хэмээн Сампил гуай үздэг.
4-рт, сүүлийн 20 жилд шагайн спорт хэмээн нэрлэж уламжлалт техникийг өөрчлөн 2-хон хясаагаар тулгаж харван наадаж тоглох нарийн горимыг нь зөрчиж, бай мөрий хөөцөлдсөн олхиогүй байдалд хүргэснийг өөрчилж үндэсний ёс уламжлалаар нь тоглодог болохыг зорьж хувиасаа хөрөнгө мөнгийг нь гаргаж, үндэсний ёс уламжлалаа дээдлэх уулзалт харвааг санаачлан зохион байгуулахад улс орны өнцөг булан бүрээс нийт 102 багийн 1000 гаруй харваачид цуглан яг уламжлалаараа харван нааджээ. Ийнхүү шагайн харвааг сэргээн хөгжүүлэх үйлсэд Сампил гуай ихээхэн хувь нэмрээ оруулсаар явна.
Шагайн харвааны эртний ёс уламжлалыг сэргээн дэлгэрүүлэхийн тулд шагайн ёсыг чандлан мөрдөх нь чухал. Үүний тулд шагайн наадамд тэмцээн уралдааныг нь голчлон бай шагнал , алдар цолны төлөө бус олон түмнийг хамарсан өргөн дэлгэр наадам болгон өргөжүүлж уламжлалт тойром харваа, уулзалт харваа, хүндэтгэлийн харваануудыг голчлон зохион байгуулах ёс горимоо хүндэтгэн дэлгэрүүлэх нь нэн чухал байгааг тэрбээр онцолдог. Өөрөөр хэлбэл аль ч харваанд бага тойром харваа нь том байхаар явуулдаг болох, нөгөөтэйгүүр шагайн харваач мөрийтэй тоглоомын хэрэгсэл болгож бооцоотой тэмцээн, мөрий төвьж харвах зэргийг бүрмөсөн хааж, үндэсний шагайн харвааны дэвжээг хадаг шиг ариун нандинаар авч явж хойч үедээ өвлүүлэх учиртай. Үүнтэй холбогдуулан хэлэхэд цаашдаа шагайн харваачдад улсын нэрийн өмнөөс олгодог алдар цолыг шагайн холбооны өргөн мэдүүлснээр төрөөс олгодог байвал зохистой гэж үзэж байна. Ингэхгүй бол хэдэн хүн нэгдэж төрийн бус байгууллага буй болгочихоод нэг нь нөгөөдөө улсын нэр барьж алдар цол хүртээж буй нь зохисгүй хэрэг ээ. Жаран эзэгнэсэн их харваачийн хичээл зүтгэл ёсоор болох цаг айсуй буй заа. Зургаа тасарсан Их Монгол ч нэгдэх цаг ойрхон буй нь лавтай.

Хэнтий Д.Одонтунгалаг

相关新闻