БАЯНХОНГОР: Салхи зарим үед 24 м/с хүрч ширүүсэн, шороон шуурга шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Өнөөдөр нийт нутгаар, маргааш Алтайн салбар уулс, говийн нутгийн зарим газраар салхи шуургатай байхыг аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.
Маргааш Шинэжинст, Баянцагаан, Баян-Өндөр, Богд, Баянговь, Баянлиг сумын нутгаар салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с давж ширүүсч шороон шуурга шуурах тул малчид, иргэдэд сэрэмжлүүлж байна.
Энэ сарын 10-19-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр хугацааны дунд үе хүртэл салхи шуургатай, цас орж хүйтэн байхыг аймгийн УЦУОШГ-аас мөн мэдээлэв.
Хур тунадас: 10-нд уулархаг нутгийн зарим, 13-14-нд хангай хээр талын нутгийн ихэнх, говь, Алтайн салбар уулсын нутгийн зарим газраар цас орно.
Салхи: 10-нд нийт нутгаар, 11, 12, 14-нд Алтайн салбар уулс, говийн нутгийн зарим газраар 10-15 м/с, түр зуур 24 м/с хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Бусад хугацаанд ихэнх нутгаар баруунаас 5-10 м/с.
Агаарын температур: Хангайн нутгийн баруун хойд хэсгээр шөнөдөө -25-30 градус, өдөртөө -9-14 градус хүйтэн, хангайн нутгийн зүүн хэсэг, хээр тал, Алтайн салбар уулсын нутгаар шөнөдөө -11-16 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн нутгаар шөнөдөө -8-13 градус хүйтэн, өдөртөө +1+6 градус дулаан, Эхийнголын Баянбурд орчмоор шөнөдөө -3-8 градус хүйтэн, өдөртөө +7+12 градус дулаан байна. Энэ сарын 17-ноос бага зэрэг дулаарна.