Ойн хортон шавьжийн устгалд 9 тэрбум төгрөг нэмж суулгахыг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-10-26 14:52:52

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ирэх оны төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцүүлгийн эхэнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны төсвийн танилцуулгыг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, ХХААХҮ-ийн сайд Д.Сэргэлэн нар салбарынхаа ирэх оны төсвийн танилцуулгыг хийлээ. Танилцуулгатай холбогдуулж Г.Тэмүүлэн, А.Сүхбат нар Монгол орны ой сибирийн хүр хорхойд идэгдэн сүйтгэгдэж байгааг хөндөөд хортон шавьж устгал болон ойн нөхөн сэргээлтэд хэдэн төгрөг төсөвлөсөн, энэ нь хүрэлцээтэй эсэх талаар тодруулж байв.

Салбарын сайд Д.Оюунхорол болон Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд дээрх асуултад хариулахдаа, "Хортон шавьж ихээр голомтолсон хэсгийг устгахад гурван тэрбум, ойжуулалтад хоёр тэрбум буюу нийт 5 тэрбум төсөвлөсөн. Дээрх зардалд 2015 онд 5 тэрбум, 2016 онд 2 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол ирэх онд эргээд 5 тэрбумыг суулгасан. Ер нь хортон шавьжтай тэмцэхэд нийт 12 тэрбум шаардлагатай" гэсэн хариултыг өгч байлаа.  

Харин Д.Сэргэлэн сайдад хандаж гишүүдээс малын гоц халдварт өвчинтэй тэмцэхэд хэдий төгрөг төсөвлөсөн, вакцины чанар хүртээмж, үр дүн, халдварт өвчин гараад байгаа шалтгаан, энэ тал дээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашдаа салбарын яамнаас барих бодлого, төлөвлөлтийн талаар тодруулж байлаа. Тэрбээр малыг эрүүлжүүлэх чиглэлээр салбарын хэмжээнд бодлого гарган ажиллаж, мал эмнэлгийн тухай хууль, малын генетикийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, хөрш орнуудтайгаа хамтран ажиллах зэргээр асуудлыг цогцоор шийдэхээр ажиллаж байгаагаа хэллээ.

Үүний дараа байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад ойн хортон шавьж, тархалтын голомтыг устгахад есөн тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, газар тарилангийн мэдээллийн сан байгуулахад 350 сая, ургамал, хөрсний хортон шавьжийн тандалт судалгаа хийхэд 150 сая төгрөг суулгах санал дэмжигдлээ.

Б.Туул

相关新闻