БАЯНХОНГОР: Эхийн гол орчмоор +15 градус дулаан байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Өдөртөө дулаарч байгаа ч шөнөдөө нутгийн хойд хэсгээр хүйтний эрч чанга хэвээр байгааг аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.
Мэдээллээр, энэ сарын 7, 8-нд Алтайн салбар уулсаар, 9-нд ихэнх нутгаар 10-12 м/с, түр зуур 16-18 м/с давж ширүүсч зөөлөн шороон шуурга шуурна. Мөн 9-нд уулархаг нутгийн зарим газраар ялимгүй цас орно.
Агаарын температур: Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -20 -25 градус, өдөртөө -3 -8 градус хүйтэн, хээр тал, Алтайн салбар уулсын нутгаар шөнөдөө -8 -13 градус хүйтэн, өдөртөө -1 градус хүйтнээс +4 градус дулаан байна.
Харин говийн нутгаар шөнөдөө -8 -13 градус хүйтэн, өдөртөө +3 +8 градус дулаан, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө -3 -8 градус хүйтэн, өдөртөө +10 +15 градус дулаан байна.
Сонирхуулахад, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эхийнгол баг алдарт Сэгс цагаан богд уулын ар хормойд Улаанбаатараас 1100 гаруй км, аймгаас 430 км, сумаас 180 км-т оршдог. Жилийн дундаж агаарын хэм +5, хур тунадас 30 орчим мм буюу бороо цас гэж бараг мэдэхгүй өвөрмөц уур амьсгалтай нутаг. Зун хөрсөн дээр +50, түүнээс ч давж халах нь бий.