БАЯНХОНГОР: Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-10-18 10:03:21

Баянхонгор, 2025 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт өнөөдөр 09:34:55 секундэд 3.6 магнитудын газар хөдлөлт бүртгэгдсэн талаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ. 


Сумын иргэдээс тодруулахад, газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй гэсэн бөгөөд учирсан хохиролгүй талаар хэлэв.

Газар хөдлөлт бүртгэгдсэн Шинэжинст сум нь Улаанбаатар хотоос 900 гаруй км зайтай, газар зүйн байршил (өргөрөг, уртраг): 44.59 99.54 бөгөөд сумын төвөөсөө зүүн зүгт 21км, Баянцагаан сумын төвөөс зүүн урд зүгт 67км, Баянговь сумын төвөөс баруун зүгт 69 км-т юм байна.

Тус аймгийн нутаг дэвсгэр нь газар хөдлөлтийн идэвхжилт өндөр бүсэд багтдаг бөгөөд одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа "Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх, барилгын норм ба дүрэм"-д Баянхонгор аймгийн Шинэжинст сум 8 баллын бүсэд хамаарна гэж нормчлон тогтоосон байдаг байна.

Дэлхийн гүн дэх чулуулаг агшилт, суналтад орох үед үүссэн энерги, тухайн чулуулаг тасарч эвдрэх үед хагарлын хавтгайн дагуу чөлөөлөгдөх үзэгдэлтэй холбоотой газар хөдлөлт үүсдэг байна. Магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, 10-аас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай.

Сүүлийн жилүүдэд Баянхонгор аймгийн хэмжээнд 3.5-5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт Баянхонгор, Богд, Баянлиг, Баянговь, Шинэжинст, Баян-Өндөр, Баянцагаан, Баацагаан, Бөмбөгөр, Баянбулаг сумын нутаг дэвсгэрт мэдрэгдэж бүртгэгджээ.

相关新闻