Д.Трамп Конгрессын нэгдсэн хуралдаанд үг хэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-03-05 14:38:13

ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 5 /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Конгрессын нэгдсэн хуралдаанд орон нутгийн цагаар мягмар гаргийн орой үг хэллээ.


Ерөнхийлөгчийн хэлснээр, түүний засаг захиргаа "ихэнх засаг захиргаа дөрөв эсвэл найман жилийн хугацаанд хийдгээс илүү их ажлыг 43 хоногийн дотор хийж гүйцэтгэсэн бөгөөд тэдний үйл хэрэг дөнгөж эхэлж байна" гэв. Үүрэгт ажилдаа орсноосоо хойш тэрбээр 76 зарлигт гарын үсэг зурсан байна.


Д.Трамп Украины талаар хэлэхдээ, тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленскийгээс хэлэлцээний ширээний ард суухад бэлэн гэдгээ илэрхийлсэн захидлыг хүлээн авсан гэжээ. Түүнчлэн Гренландыг АНУ-ын муж улс болгох хүсэл эрмэлзлийнхээ талаар дурдаад “бид үүнийг ямар нэг аргаар авах болно хэмээн хэлжээ. 


Дотоодын асуудлын тухайд тэрбээр татварыг бууруулах төлөвлөгөөнийхөө талаар дурдаад, төсвийг тэнцвэржүүлэхээ амлажээ. Ерөнхийлөгч мөн зээл тусламжуудыг царцаах, Мексикийн булангийн нэрийг Америкийн булан болгон өөрчлөх зэрэг “зоримог алхмууд” хэмээн нэрлэсэн ажлуудаа дурдсан байна.


Илон Маскийн тэргүүлж буй Засгийн газрын үр ашгийг дээшлүүлэх агентлагийн (DOGE) санал санаачилгын хүрээнд зардлыг ихээхэн бууруулж байгааг мөн онцолсон байна. Д.Трампын илтгэл ширүүхэн уур амьсгалтай эхэлжээ. Ардчилсан намын гишүүн Аль Грин суудлаасаа босон хашхирч, улмаар суудалдаа суух шаардлагыг эсэргүүцсэн тул танхимаас хөөгдсөн бол Бүгд найрамдах намынхан АНУ хэмээн хашхирч байсан байв. 


Тэрбээр мөн нийгмийн асуудлуудыг хөндсөн бөгөөд "тэгш эрх ба оролцоо" санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг зогсоох, хүйсээ солиулсан эрэгтэйчүүдийг эмэгтэйчүүдийн ангиллын спортын уралдаан тэмцээнүүдэд оролцохыг хориглох зэрэг шийдвэрээ онцолсон байна.


Конгрессын нэгдсэн хуралдаанд Д.Трампын хэлсэн үг 1 цаг 39 минут орчим үргэлжилсэн нь 1964 оноос хойш Конгресст тавьсан хамгийн урт илтгэл болсныг “American Presidency Project” цахим мэдээллийн сангийн мэдээлэл харуулжээ. 2000 онд Ерөнхийлөгч асан Билл Клинтоны илтгэл 1 цаг 29 минут орчим үргэлжилснээр хамгийн урт илтгэлд тооцогдож байжээ.

相关新闻