Алеппо хотын 10 км тойрогт нислэгээ зогсоосон хэмээн Оросын Батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРОрос улсын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч хошууч-генерал Игорь Конашенков гадаад, дотоодын сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Тэр мэдэгдэлдээ, “Орос улсын цэрэг-сансрын нисэх хүчин болон Сирийн цэргийн нисэх хүчин 8 дахь өдрөө Алеппо хотын 10 км тойрогт нислэгээ зогсоогоод байна.
Алеппо хотын зүүн хэсгийг орхин гарч буй оршин суугчдад зориулж 24 цагийн ажиллагаатай халуун хоол хүнс бүхий эмнэлгийн анхны тусламжтай хүмүүнлэгийн 6 коридор нээн ажиллуулж байна.
Алеппо хотын Шейх-Максуд дүүрэгт Оросын эвлэрлийн төвөөс иргэдэд 10 тонн хүмүүнлэгийн тусламжийн бараа хүлээлгэн өгсөн” хэмээн мэдэгдэв.
Тэрээр ОХУ Сирийн эрх баригчдын хамт алан хядагчдад эзлэгдсэн дүүргүүдээс өвчтэй, шархадсан болон энгийн иргэдийг гаргах тухай олон улсын баталгаа бэлэн болсон даруйд нь Алеппо дахь “хүмүүнлэгийн завсарлагыг “ сэргээхэд бэлэн байна хэмээн онцлон тэмдэглэв.
Сонирхуулахад, Оросын болон Сирийн нисэх хүчнүүд Алеппог тойрсон 10 км-ийн тойрогт нислэгийг 10 дугаар сарын 18-ны өдрөөс бүрэн мөрджээ. Мөн энэ сарын 20-ны өдрөөс гурван өдрийн турш 08.00 цагаас “хүмүүнлэгийн завсарлагыг” авсан аж.
Москва хот. А.Огторгуймаа