Залилан болон завших хэрэгт холбогдогчдын 50 хувь нь эмэгтэйчүүд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ2016 оны эхний 3 дугаар улирлын байдлаар Хэнтий аймгийн хэмжээнд эрүүгийн хэрэгт 287 хүн холбогдсоныг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20,7 хувиар буурчээ.
Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн 13,2 хувь нь эмэгтэй хүмүүс байгаа бөгөөд бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн 45,5 хувийг, бусдын санамсаргүй олдсон буюу гээгдэл эд, эд хөрөнгийг завших гэмт хэргийн 50 хувийг эмэгтэйчүүд үйлдсэн байгаа нь анхаарал татаж байгаа гэнэ.
Харин насны байдлаар авч үзвэл хамгийн их буюу 46,7 хувийг 35-аас дээш насныхан эзэлж, 2,4 хувь нь 14-16 насны, 0,3 хувь нь 16-18 насны, 34,8 хувь нь 18-30 насны, 15,7 хувь нь 30-35 насны, гэмт хэрэгт холбогдогсдын 63,4 хувь нь бүрэн бус дунд боловсролтой хүмүүс байгаа юм.
Нийт үйлдэгдсэн 325 гэмт хэргийн 11,7 хувийг урьд нь ял шийтгэгдсэн этгээдүүд үйлджээ. Гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийг ажил эрхлэлтийн байдлаар нь судалж үзэхэд 5,9 хувь нь төрийн албан хаагч, 7,3 хувь нь хувийн хэвшилд, 4,2 хувь нь ТББ-д, 4,5 хувь нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, 65,9 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс байна.
Насанд хүрээгүй этгээдийн үйлдсэн гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар буурсан байна. Нийт хэргийн 78 хэрэг буюу 23,5 хувийг бүлэглэн, 55 хэрэг буюу 18,6 хувийг согтуугаар, 170 буюу 51,2 хувийг шунахайн сэдэлтээр үйлдсэн нь тогтоогджээ.
Хэнтий Д.Одонтунгалаг