ДУНДГОВЬ: Сар шинийн баярт зориулсан барилдаанд аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2025 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой
жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн аймгийн барилдаанд улсын начин Ц.Чимэддорж, Д.Амарсайхан нарын улс, аймгийн цолтой болон
хүчит 64 бөх зодогложээ.
Бөхийн барилдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар түрүүлж, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, улсын начин Д.Амарсайхан үзүүрлэлээ. Их шөвгийн дөрөвт Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, улсын начин Ш.Дарханбат, Булган аймгийн Орхон сумын харьяат, улсын начин Э.Сумъяабат нар тунаж барилдлаа.
Тус барилдааныг бурхан шашинтны төв Дашгэнпэллин хийд болон Амгалан дэлгэрэх төв хамтран зохион байгуулж, “Уран гараатай бөх”-өөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харьяат, аймгийн заан Б.Баянсүх, “Уран барилдаанч бөх”-өөр Эрдэнэдалай сумын харьяат, аймгийн заан Х.Чойжилсүрэн, “Өсөх ирээдүйтэй бөх”-өөр Эрдэнэдалай сумын харьяат, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар нар шалгарчээ.
Энэ үеэр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат, Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх, цогт гарамгай харцага Л.Пүрэвжав болон ахмад бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл илэрхийлжээ.