ЗАВХАН: Малчин Л.Гантулгынх сарлагийн чанартаа илүү анхаарч өсгөн, сарлагийн бэлчээрээ дагаж нутагладаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-02-24 14:14:59

Улиастай, 2025 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн малчин Лхагвасүрэнгийн Гантулга улсын аварга малчны шагналаа гардан авлаа.


Энэ жил Завхан аймгийн 9 сумын 10 малчин улсын аварга малчнаар тодорчээ. Тосонцэнгэл сумаас Рашаант багийн малчин Пагмажавын Цэрэндэжид, Баян-Уул багийн малчин Лхагвасүрэнгийн Гантулга нар улсын аварга малчнаар тодорсон байна.

 

Л.Гантулгынх Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн Гунзны мод толгойн үзүүрт өвөлжиж байна. Тэрбээр малаа оторлож яваад гэртээ ирээд нэг хонож байна гэсээр шагналаа гарджээ. Эднийх 2006 онд “Сумын аварга малчин”, 2015 онд “Аймгийн аварга малчин”, 2021 онд “Аймгийн хошой аварга малчин” шагналыг хүртэж байсан малч гэр бүл. Л.Гантулга багаасаа мал маллах арга ухаанд суралцаж “ Малд нүдтэй хүүхэд”, “Тэргүүний залуу малчин” алтан медаль, “Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнуулж байжээ.


Малчин Л.Гантулгынх сарлагийн чанартаа илүү анхаарч өсгөн үржүүлж байгаа ба сарлагийн бэлчээрээ дагаж нутагладаг айл.

Малчин гэр бүл нийгмийн хариуцлагын хүрээнд залуу малчдыг малжуулахад онцгой анхаардаг бөгөөд зудтай жилүүдэд багийнхаа айл өрхийн үхрийг оторлож, малын гарзгүйгээр хавар хүлээлгэн өгдөг ажээ.


Жил бүр отор нүүдэл хийж, бод мал тэр дундаа үхэр, сарлаг үхрийг голдуу өсгөж, энэ жил гэхэд 80 гаруй төл хүлээж авна гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Тосонцэнгэл сум адуу, үхрийн тоо толгойгоор аймагтаа тэргүүлдэг. Энэ жил тус сум 19458 толгой үхэр тоолуулжээ.

Сарлаг бол уулын амьтан. Сарлагийн сүү, мах, хөөвөр гээд түүнээс авах ашиг шим их бий. Хөөвөр нь гэхэд ямааны ноолуурын нэгэн адил хөнгөн зөөлөн, ширхэгтэй, дулаан хадгалах чадвар сайтай байдаг. Хөөврийг манай нутгийнхан эрт үеэс ахуйн хэрэгцээндээ хэрэглэж ирсэн байдаг. Өндөр уулын бүсийн байгаль цаг уурын хатуу ширүүн нөхцөлд, бэлчээрийн маллагаанд гойд зохицон амьдарч, өсөн үржиж чаддаг мал.


Хад асга, цавчим ангал бүхий газрын бэлчээрийг илүү ашигладаг, голын, уулс хоорондын хөндий, ойн цоорхой, өөр төрлийн мал хүрэх боломжгүй бэлчээрт дасан зохицдог учраас бэлчээрийн даацад сөрөг нөлөө үзүүлдэггүй нь монгол сарлагийн давуу тал юм.


Тиймээс сарлагийн удмын санг хамгаалах нь зөв гэж боддог. Сарлаг үхрээ өсгөж үржүүлэх, залуу малчдад сарлагийн онцлог, ашиг шимийн талаар эцэг эхээс өвлөж авсан маллах арга ухаанаа зааж сургадаг гэж Монгол Улсын аварга малчин Л.Гантулга, гэргий Г.Дэлгэрбадам нар ярилаа.

Улсын аварга малчны шагналыг гардуулах үеэр аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр малчидтай уулзаж санал солилцож буй

Улсын аварга малчин Л.Гантулгынх энэ жил унага тугал нийлсэн 80 гаруй төл хүлээн авна


Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн Гунзны мод толгойн үзүүр малчин Л.Гантулгын өвөлжөөн дээрх үхэр сүрэг

Завхан аймгийн нийт бэлчээрийн 33.69 хувийг эзэлж буй өндөр уулын бэлчээр Тосонцэнгэл, Их-Уул гэхчлэн 7 суманд бий. Өвөл, хаврын улиралд сарлаг үхэрт нэн тохиромжтой буюу нийт бэлчээрийн 21.03 хувийг эзэлж буй бэлчээртэй нутаг Тосонцэнгэл, Их-Уул, Идэр гэхчлэн 13 суманд байна.

相关新闻