Тайландын гашуудлын эхний 30 хоног ирэх сарын 13-нд дуусна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММонгол Улсаас Тайландын вант Улсад суугаа ЭСЯ-наас тус улсад зорчих иргэдэд зориулж анхааруулга гаргав.
Тус улсын Цог жавхлант Хаан Пумипон Адульядет таалал төгссөнтэй холбогдуулж Тайландад гашуудал зарлаад буй. Гашуудлын эхний 30 хоног нь ирэх сарын 13-наар дуусгавар болж байгаа бөгөөд энэ нь гашуудлыг нийтээр чандлан сахих хугацаа төгсгөл болно гэсэн үг. Гэхдээ жуулчдад зориулсан үзвэр, үйлчилгээний бүх газрууд хэвийн ажиллаж байна. Тухайлбал, жуулчдын сонирхлыг татдаг шоу, тоглоомын парк, зах, ресторан, баар зэрэг бүхий л үйлчилгээний газрууд нээлттэй. Одоогийн байдлаар хааны оршуулах ёслол болж буй Хааны Их ордон болон Маргад эрдэнийн Буддагийн сүм олон нийтэд ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр хаалттай байгаа гэдгийг анхаарахад илүүдэхгүй юм.
Мөн банк, худалдааны төв, дэлгүүр, эмнэлэг болон олон нийтийн тээврийн үйлчилгээ үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Хаантантай салах ёс хийхээр хөдөө орон нутгаас ард иргэд Бангкок хотод олноор ирж байгаатай холбогдуулан хотын замын хөдөлгөөн харьцангуй ачаалал ихтэй байгаа тул холбогдох мэдээллийг Тайландын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр тогтмол шинэчлэн олон нийтэд хүргэж байна.
Тайландын иргэд, нэн ялангуяа төрийн албан хаагчид гашуудлын хугацаанд хар, бараан өнгийн хувцас өмсөж байгаа хэдий ч жуулчид заавал хар өнгийн хувцас өмсөх шаардлагагүй, энгийн хувцаслаж болно. Гэхдээ зорчиж байгаа орныхоо ёс заншил, уламжлал, ард түмнийх нь сэтгэл санааг хүндэтгэх үүднээс хэт задгай, тод, эрээн өнгийн хувцас өмсөхгүй байхыг зөвлөлөө.
Үүний зэрэгцээ жуулчдыг тус улсад хийх аяллаа хойшлуулах шаардлагагүйг тус улсын Аялал жуулчлалын газраас уриалжээ.
Б.Туул