ЗАВХАН: Удам дамжсан өвөлжөөнөөсөө улсын аварга малчныхаа шагналыг гардан авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-02-24 12:40:31

Улиастай, 2025 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Түдэвтэй сумын Баянцагаан багийн малчин Мижээхүүгийн Дандарбаатар улсын аварга малчныхаа цол тэмдэг шагналыг гардан авчээ.


Түдэвтэй сумын Баянцагаан багийн Тулга ханангийн өвөлжөөнд өвөлжиж байгаа Монгол Улсын аварга малчин М.Дандарбаатар, гэргий С.Эрдэнэбаяр нарын шагналыг  УИХ-ын гишүүн Б.Түвшин, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нар гардуулан өглөө.


Энэ өвөлжөөнөөс хоёр дахь Улсын аварга малчин төрж байгаа нь М.Дандарбаатар юм. Түүний аав н.Мижээхүү 1988 онд Тулга ханангийн өвөлжөөнөөс Улсын аварга малчин болж байжээ.


М.Дандарбаатар 11 хүүхэдтэй айлын отгон нь. 2007 онд С.Эрдэнэбаяртай гэр бүл болж, 2 охин, 4 хүүтэй өнөр өтгөн айл болжээ. Гэр бүл болсон цагаасаа сум, баг, аймагтаа ажил үйлсээрээ манлайлж, нутгийнхаа залуу малчдыг мал маллах арга ухаанд сургах ажлыг жилийн дөрвөн улиралд хийдэг байна.  


Үе дамжсан малч, хөдөлмөрч гэр бүл хүүхдүүддээ мал маллах арга ухаанаа зааж сургахаас гадна малынхаа арьс ширийг бүрэн дүүрэн ашиглаж, мал аж ахуйнхаа тоног, хэрэгслийг хэрхэн хийх уламжлалт арга ухаанаа ч зааж сургаж байна гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Эднийх мал сүргийнхээ адууны чанарт илүү анхаарч, Дорнод, Сүхбаатар чиглэлээс эцэг мал авчирч цус сэлбэжээ. Байгальтай хамгийн ойрхон хүн бол малчин. Адуугаа тууж явахдаа хангай дэлхий аягүй байвал, “Баянхангай дэлхий минь гээд залбирахад адуун сүрэг эсэн мэнд бэлчиж л байдаг.


Байгаль, хүн хоёрын хооронд маш нарийн холбоо бий. Тиймээс залуу малчид байгаль дэлхийгээ хайрлахын зэрэгцээ ахмад малчдаасаа байнга суралцаж бай. Малчин хүн бүр аж ахуйч, ялангуяа байгаль цаг ууртаа тохирсон бэлчээрийг сэлгэх, ус нутгаа хадгалж хамгаалахад хичээж үлгэрлэх хэрэгтэй гэдгийг Монгол Улсын аварга малчин М.Дандарбаатар дуулгалаа.

Монгол Улсын аварга малчин М.Дандарбаатар, гэргий С.Эрдэнэбаяр нарын шагналыг  УИХ-ын гишүүн Б.Түвшин, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нар гардуулан өглөө


Түдэвтэй сумын Баянцагаан багийн Тулга ханангийн өвөлжөөнөөс

аав хүү хоёр Улсын аварга малчны шагналаа гардан авчээ

 

相关新闻