ТӨВ: "Монгол нүүдэлчин" өвлийн фестивальд “Эрдэнэт сүрэг” сэдэвчилсэн өртөөгөөр оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-02-24 12:11:08

Зуунмод, 2025 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. "Монгол нүүдэлчин" өвлийн фестивалийг 2025 оны 2 дугаар сарын 16-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж, Төв аймаг “Эрдэнэт сүрэг” сэдэвчилсэн өртөөгөөр оролцлоо.


Мөн “Малын хашаа барих арга ажиллагаа”, “Нэмнээ хийж сурцгаая” тусгай боловсролын хөтөлбөрийг боловсруулан монгол түмний ахуй соёл, мал маллах арга ухаанаас үзүүлэхийг зорьсон байна.


“Эрдэнэт сүрэг” өртөөгөөр дамжуулан таван хошуу малыг зүслэх, нас насаар нь нэрлэх, улирлын онцлогт тохируулан хашаа хороо барих, ундны цас, мөс зөөх, нуруулдсан өвс, аргал, хөрзөн бэлтгэх, төл малыг өвлийн хүйтэн шуурганаас хамгаалах, мал нэмнэх, угжих, малчин айлын ахуйг яг байгаагаар нь харуулжээ.


Түүнчлэн фестивалийн 4 дэх өдөр “Эрдэнэт сүрэг” өртөөнд анхны төл мэндэлсэн нь зочдын сонирхлыг ихэд татаж байв.

 

相关新闻