Израилын зургаан иргэнийг барьцаанаас суллажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-02-23 08:39:27

ЙЕРУСАЛИМ, 2025 оны хоёрдугаар сарын 23 /DW/. ХАМАС бүлэглэлийнхэн Израилын зургаан иргэнийг бямба гарагт барьцаанаас суллажээ. Тэднийг Газын зурвас дахь Улаан Загалмай нийгэмлэгийн төлөөлөгчдөд хүлээлгэн өгсөн байна. Суллагдсан зургаан хүнийг Израилд хүргэсэн гэдгийг тус улсын арми баталжээ.


Бямба гарагт түрүүлж суллагдсан хүмүүс бол Израил, Австрийн давхар иргэншилтэй Таль Шохам (40 настай) болон Авера Менгисту ( настай) нар юм.  Шохам 2023 оны 10 дугаар сарын 7-нд барьцаалагдсан байна. Менгисту нь 10 орчим жилийн өмнө Газын зурваст очсоноосоо хойш тэнд хоригдож байжээ.


Мөн өдрийн орой ХАМАС бүлэглэл Израилын өөр гурван иргэнийг сулласан байна. Тэднийг Нусейрат дүрвэгсдийн хуаранд Улаан Загалмайн нийгэмлэгийнхэнд хүлээлгэн өгчээ. 2023 оны 10 дугаар сарын 7-нд барьцаалагдсан Израилын иргэн Элия Коэн (27), Омер Шем Тов (22), Омер Венкерт (23) нар суллагдсан байна. 


Хэсэг хугацааны дараа Хишам Аль-Сайед гэдэг бедиун омгийн 36 настай эрэгтэйг суллаж Улаан Загалмайн төлөөлөгчдөд хүлээлгэн өгсөн байна. Тэрбээр мөн 10 жилийн турш барьцаанд байжээ.


Эдгээр зургаан хүн бол Израил болон ХАМАС бүлэглэлийн хооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээрийн эхний шатны хүрээнд суллах хүмүүсийн сүүлчийнх нь юм. Израилын тал хариуд нь Палестины 602 иргэнийг шоронгоос суллахыг зөвшөөрчээ. Гуравдугаар сарын 2 хүртэл үргэлжлэх эхний үе шатанд Израилын 25 иргэнийг суллаж, найман хүний цогцсыг шилжүүлэн өгөх ёстой. 


Хэлэлцээрийн хоёр дахь үе шат руу шилжиж, барьцаалагдсан хүмүүсийг солилцох ажлыг үргэлжлүүлэхэд бэлэн гэдгээ ХАМАС бүлэглэлийнхэн бямба гарагт мөн мэдэгдсэн байна.

相关新闻