Хэнтий аймгийн отгон сургууль 15 нас хүрлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн отгон сургууль болох Хэрлэн дөрөвдүгээр сургуулийн 15 жилийн ой энэ онд тохиож байна.
Ойгоо угтаж тус сургуулийн хамт олон энэ сарын 29-ний өдөр нийт төгсөгчдийнхөө дунд сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр төгсөгчдөө хамруулсан олон арга хэмжээ, үйл ажиллагааг явуулахаар сургуулийн захиргаа мөн төлөвлөсөн аж.
Хэрлэн дөрөвдүгээр сургууль нь 2001 онд Хэнтий аймгийн Засаг даргын 206 тоот захирамжаар байгуулагдан өдгөө 15 дэх жилдээ сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Энэ хичээлийн жилд тус сургууль мэргэжлийн 90 багш ажилтантайгаар 1-12 дугаар ангийн 1100 гаруй сурагчдад бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх, тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх, соён гэгээрүүлэх, орон нутгийн иргэдэд боловсролын үйлчилгээг хүргэх ажлыг амжилттай зохион байгуулж байна.
Тус сургуулийн хамт олон 15 жилийн ойн баяраа 2016 оны 11 дүгээр сарын 11-ний билэгт сайн өдөр тэмдэглэхээр товложээ.
Хэнтий Д.Одонтунгалаг