Г.Дашдондов: “Хэрлэнгээ найман янзаар эгшиглүүлсэн азтай уран бүтээлч дээ, би”
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙМУСТА, дуучин Гүржавын Дашдондов гуайтай нутгаа зорин ирээд байхад нь уулзаж ярилцсанаа уншигчдадаа толилуулъя.
-Та Хэнтий нутагтаа ойрд тавтай тухтай ирсэнгүй юу даа? Энэ удаад ямар ажлаар нутгаа зорьж ирэв?
-Би гэдэг хүн Өндөрхаан уулынхаа энгэрт хорь гучин жилийг өнгөрөөсөн ахмад уран бүтээлчдийн нэг шүү дээ. Ер нь нутгаа дайраад өнгөрч л байдаг, ирж л байдаг, гэхдээ тавтай тухтайхан шиг найз нөхөдтэйгөө, үе тэнгийнхэнтэйгээ, танилуудтайгаа уулзахгүй өнгөрөөд явах нь олонтаа байлаа. Энэ удаа би “Хан Хэнтий” чуулгынхаа ахмад, залуу уран бүтээлчидтэй хамтарч “Сэтгэлийн аялгуу” тоглолтонд оролцохоор зорьж ирсэн юм. Гоцлол уран бүтээлчид тэтгэвэрт эрт гардаг жишгээр би 1994 онд “Хан Хэнтий” чуулгаасаа гавьяаныхаа амралтад гарсан. Тэтгэвэрт гарснаасаа хойш хамгийн сүүлд нутагтаа чуулгынхаа 30 жилийн ойгоор одоогоос хоёр, гурван жилийн өмнө ирсэн юм байна. Тэр үед уран сайхны удирдагч Г.Энхболд маань хоёрхон хоногт тоглолтын программ зохион байгуулж, үзэгчдээсээ сайхан алга ташилтаар мялаалгаж байлаа. Энэ удаагийн тоглолт ч бас халуун алга ташилтаар дүүрэн сайхан уран бүтээл болж, бид сэтгэл дүүрэн байна.
- Та чинь Батноров сумын уугуул байхаа? Багаасаа л дуулдаг, сумын сургуулийнхаа дууны аварга болж байсан гэдэг юм билээ?
- Тиймээ би хуучин Сэцэн хан аймгийн Гонгор дайчин бэйсийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Батноров сумын харьяат Бор овогт Лувсангончигийн Гүржавын ууган хүү. Багадаа малчин ардын хүүхдүүдийн нэгэн адил хурга тугал эргүүлж, хониныхоо хорголоор тоглож, шар бууцан дээрээ бужигнаж, үеийнхэнтэй барилдаж ноцолдон өссөн дөө. Миний аав Гүржав морь уядаг, малчин, ээж Дорж сайхан дуулдаг, дээлэнд нь сүү саалийн үнэр нэвт шингэсэн сайхан хүмүүс байлаа даа. Ер нь л ижий, аав минь намайг бага байхад л урлагт дурлуулж, миний сэтгэлийг хөглөж байсан болов уу гэж боддог юм. Бэрхийн сургуулийн дууны аварга, Батноровын сургуулийн дууны аварга болж байлаа. Хүүхдийн авьяасыг дэмжиж урамшуулдаг байсан учраас түүндээ урамшаад, авьяас хэмээх тэр нандин сайхан зүйлийг хөгжүүлээд ирэхээр энэ сайхан алтан тайз тосож авдаг юм билээ. Ингээд 1968 онд Янжинлхам бурхны ивээлд багтаж, тэр үеийнхээр аймгийн Соёлын ордонд ороход миний анхны багш нар алдарт найруулагч Ж.Доржгочоо, жүжигчин Х.Даваасамбуу, Д.Даариймаа нар тосч авч драмын жүжигчний анхны А үсгийг зааж байлаа . Дараа нь Соёлын ордон маань өргөжиж, мэргэжлийн чуулга болсноор хөгжмийн, дууны олон багш нарынхаа алтан сургаалийг сонсож, ихийг сурч мэдэх боломж нээгдсэн юм.
- Та хэрхэн дуучин болсон тухайгаа хуучлаач? Тэр үед урлагийн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэх нөхцөл бололцоо дутмаг байсан үе байхаа?
- Тэр үед одоогийнх шиг Соёл урлагийн сургуульд дөрөв таван жил сурдаггүй байлаа. Би 1968 онд хуучнаар аймгийн Соёлын ордонд (одоо ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулга) гавьяат жүжигчин Ц.Ичинхорлоотой цуг орж байлаа. Дуучин болох гараагаа эхлүүлж Ц.Ичинхорлоо 6 сарын курсд суралцсан, би мэргэжлийн жүжигчдийн шалгалтанд орсон. Ингээд Соёлын ордны дагалдан жүжигчин байснаа үнэмлэх авч мэргэжлийн дуучин болсон доо. Төвийн урлагийн байгууллагуудад зэрэгтэй үнэмлэх олгодог, хөдөөний урлагийн байгууллагуудад Соёлын яамнаас мэргэжлийн томцуул ирж шалгадаг, хэд хоног бэлдэж шалгуулаад -Энэ болмоор юм байна гээд мэргэжлийн үнэмлэх олгодог, түүнийгээ батжуулаад 6 сар ч юм уу, 2 жил болоод дахиад шалгадаг байсан. Тэр үед шалгуур өндөр байж дээ.
- Хамгийн анх аль тайзан дээр гарч ямар дуу дуулж байв даа?
- Би хамгийн анх Бэрхийн уурхайн клубын тайзан дээр 5 дугаар ангид байхдаа гарч байжээ. Бэрхэд анх ирэхдээ 12 настай байлаа. Ардын авьяастан алдарт лимбэчин Маам, ардын авьяастан Долгор гэдэг хүмүүсээр заалгаж “Дөрвөн цаг” гэдэг монгол ардын бэсрэг уртын дууг хүүхэд байхдаа дуулж анх тайзан дээр гарсан минь тэр. Энэ дуугаараа Бэрхийн уурхайн дууны аваргыг гурван жил хадгалж явсан юм даа.
- Ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулгын эрхэм багш нарын тань талаар дурсахгүй өнгөрч болохгүй байх. Ер нь тухайн үеийн багш нарын чадал чансаа, сургамж нь юу байсан бэ? Шавь нараа хэрхэн сургадаг байв?
- Тэр үеийн багш нарын нэг сайхан чанар нь хүнд үнэнийг нь шууд хэлдэг. Авьяасгүй бол худлаа хөөрөгдөж, хүнд хоосон итгэл төрүүлдэггүй. Одоо орчин үед ямар ч авьяасгүй хүнийг, даргын хүүхдийг ч юм уу, эсвэл царай зүсийг нь харж дэмжих байдал харагдаад байна. Урлагт иймэрхүү юм тэр үед байгаагүй, тэр ч утгаараа урлаг, спорт хоёрт ямар ч арын хаалга байдаггүй байлаа. Үнэхээр эцэг эхээс заяагаагүй бол ямар ч мундаг багш тэр хүнийг хоолойг яаж ч тордоод нэмэргүй шүү дээ. “Хан Хэнтий” чуулга тив дэлхий, Монгол улсынхаа олон олон уралдаан тэмцээнд тэргүүн, дэд байрыг эзэлж байлаа. Дэлхийн залуучуудын их наадамд Шархүүхэн, Ичинхорлоо хоёр тэргүүн, дэд байрыг нь эзлээд ирж байсан. Энэ бол авьяастай шавь нараа уйгагүй дэмжиж, зөв чиглүүлж ажиллаж байсан хөдөлмөрч багш нарын минь буян. Тэр үед залуу уран бүтээлчид бид ч, багш нар маань ч уйгагүй хөдөлмөрлөж, сургаж нэг ёсондоо элдүүр нь ханасан сур шиг болсон цагтаа тайзан дээр уран бүтээлээ гаргадаг байжээ. Манай чуулгын тулгын дөрвөн чулуу гэж хэлж болох алдарт, гавьяат багш нарыгаа үргэлж санаж дурсаж явдаг юм. УГЗ, хөгжмийн зохиолч, дууны багш Лүндэгийн Дашням, УГЗ, бүжиг дэглээч Данзаннямын Санжаасүрэн, УГЗ, хөгжмийн зохиолч, хөгжмийн багш Дуламын Гомбо, УГЗ, найруулагч Гаадангийн Энхболд нар бол орон нутгийн чуулгыг мэргэжлийн түвшинд омог бардам авч явсан урлагийн бурхад гэж хүндэтгэж явдаг даа.
- Урлагийн хүнд ид мандаж явсан уран бүтээлийн оргил үе гэж байдаг даа. Таны хувьд?
- Ер нь урлаг спорт гэдэг үе үеэрээ 5, 10 жилээр байдаг. Жишээ нь, дуучин Гэрэлт-Одын үе, Адарсүрэнгийн үе, Оросоогийн үе, Зангадын үе ч гэдэг юм уу ийм үеүд байна шүү дээ. Тэр улсууд чинь ирэн дээрээ л оргил уран бүтээлүүдээ гаргаж байж. Жишээ нь, улсын ардын дуу бүжгийн театрын тайзан дээр Ардын жүжигчин Ч.Шархүүхэн 1978 онд ардаа 60 хүний хоортой дуулахад дахиулж, Санжаасүрэнгийн 32 хүний бүрэлдэхүүнтэй бүжиг дахиж байсан тэр үеийг “Хан хэнтий” чуулгынхаа онгодтой, иртэй үе гэж боддог. Миний хувьд ардын сайхан манярыг хэвээр нь хадгалж ятгатай, үндэсний хөгжимтэйгөөр донжийг нь олж дуулах гэж оролддог байлаа. 1978-1986 он хүртэлх арваад жил миний уран бүтээлийн оргил үе байсан. Жишээ нь, УГЗ Л.Дашням багшийн хөгжим, Хэнтий аймгаас төрсөн алдарт яруу найрагч, ерөөлч магтаалч Агваанжамбал гуайн шүлэг “Чин хүслийн дуу” гэдэг уран бүтээлээ би радиогийн алтан сан хөмрөгт хоёр удаа бичүүлсэн. Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Д.Лувсаншаравын хөгжим, мөн Агваанжамбалын шүлэг “Эгшигт Хэрлэн” дуу минь мөн радиогийн алтан сан хөмрөгт бий. Хэнтий нутгийн хүний хувьд би Хэрлэн голынхаа тухай 8 дуутай хүн шүү дээ. Тэгэхээр би өөрийгөө Хэрлэн голоо найман янзаар эгшиглүүлсэн азтай уран бүтээлч гэж боддог.
- Таны урын сан одоо хэдэн дуутай болсон бэ?
- Миний урын санд ардын болон зохиолын, олон ястны 120 гаруй дуу бий. Үүнээс Монголын радиогийн алтан сан хөмрөгт 20-иод дуугаа бичүүлж, ард түмний дунд дуулагдаад явж байгаа хорь, гучин дуу байна. Миний урын санд голдуу зүүн монголын дуунууд байдаг. Алдарт бүжиг дэглээч, УГЗ Д.Санжаасүрэн багшийн дэглэсэн зүүн монголын намба хөдөлгөөн шингэсэн бүжгүүдийн дууг дуулж байлаа.
- Таны хоолой ямар төрлийнх вэ?
- Хоёрдугаар тенор буюу баритон хоолой.
- Ахмад уран бүтээлчийн хувьд асуухад тайзны урлагийн юу нь илүү сайхан, юу нь илүү хэцүү байдаг вэ?
-Урлагийн амьдрал цаг наргүй. Одоо цагт дагнан мэргэшиж, дуучин нь дуугаа, жүжигчин нь жүжгээ голлон ажилладаг болж. Бидний үед тайзны сургууль шөнөжин хийнэ, жүжигт тоглоно, дуугаа дуулна, хөгжимдөө гарах гээд нэг уран бүтээлч урлагийн хоёроос гурван төрөлд чадваржих ёстой. Тэр үед техник хэрэгсэл хүрэлцээ муутай, уртын дуу гаргая гэхэд шөнөжингөө хуурчинтайгаа хамт давтана. Шөнөжин өдөржин дуулсаар сүүлдээ хоолой цуцна, өөрсдөө ядарна. Тэгж хөлс хүчээ шавхаж, хөдөлмөрлөж, хичнээн цагаар ноцолдож байж гаргасан дүр, дуу, бүжиг сайхан болж, тайзнаа гарахад үзэгчид алга нижигнэтэл ташаад ирүүт л бид сая нэг сэтгэл амарна. Миний уран бүтээл ард түмэнд сайхан хүрлээ гээд гэртээ харихад хань ижил, үр хүүхдүүд бахархана. Энэ л тайзнаа амьдардаг уран бүтээлчийн хамгийн сайхан жаргал. Багшаасаа “Баяр хүргэе, дажгүй байна.” гэсэн урмын үг дуулбал бүр гараад өглөө гэсэн үг, бараг л Янжинлхам бурхнаараа үнсүүлж байгаатай адил санагдана шүү дээ.
- Тайзны жаргал, сайхан талыг та ярилаа. Тайзны онигоо, уран бүтээлчдийн хөгжилтэй явдлууд их бий байх даа?
-Манай чуулгын онигооны гол баатар бол УГЖ Ц.Ичинхорлоо маань юм шүү дээ. Тун бодлогогүй ярьдаг, их цагаахан сэтгэлтэй хүн. Ганцхан онигоог нь ярихад, нэг удаа бригадаар автобусандаа суугаад даваа өгсөж яваад гарч чадахгүй байтал “УАЗ 469”-тэй хүмүүс хажуугаар давхиад гараад явчихлаа. Тэгэхэд мань Ичинхорлоо, “Жолоочоо энэ 69 яагаад гараад явчихав аа” гээд асууж байна. Жолооч хариуд нь “Мосттой тэрэг аргагүй шүү дээ” гэж хариулахад мань Хорлоо “Хэдүүлээ тэгвэл энэ 69-ийн моостыг нь гуйгаад автобусандаа тавьж гарчихаад буцаагаад өгчихөе” гэж айхтар чухал санаа дэвшүүлдэг байгаа. Үнэхээрийн боломжгүй зүйлийг хээвнэг ярихаар манайхан бүгд бөөн инээдэм бололгүй яахав дээ. Энэ мэт онигоо, хөгжилтэй явдал зөндөө бий.
- “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Алтангийн дүр, “Тусгай салаа” киноны Дэндэвийн аав Бямбаагийн дүрээр таныг үзэгчид кино дэлгэцнээс эчнээ таньдаг. Ер нь кино пробонд орох хувь зохиол яаж тохиож байсан бэ?
-Бидний үед кино пробыг найруулагч, кино зохиолчоос гадна Соёлын яамнаас албан ёсоор зохион байгуулж, бид зөвхөн зөвшөөрөлтэй, дуудагдсан тохиолдолд очиж проб өгч шалгуулдаг байлаа. Миний хувьд орон нутгийн уран бүтээлч байсан учраас олон кинонд тоглоогүй, долоо найман кинонд хоёрдугаар дүр, хамгийн сүүлд “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Алтангийн дүрийг бүтээсэн. Сүүлд тэтгэвэрт гарч, хотод суурьшсанаасаа хойш хоёр кинонд тоглосны нэг нь “Тусгай салаа” олон ангит киноны Бямбаагийн дүр.
- Сүүлийн үед та юу хийж, хаана амьдарч байна? Гэр бүлийнхээ талаар яриач?
-Миний ханийг Д.Уртнасан гэдэг хүн бий. Би хоёр охинтой, тус тусын ажил төрлөө эрхэлж байна. Сүүлийн жилүүдэд би хөгшнийхөө нутаг, дуут ёохорын өлгий Батширээт суманд буриад зон олныхоо дунд амьдарч байна. Нэг хэсэг Соёлын төвд эрхлэгч хийж байгаад одоо больсон. Харин жил бүр Батширээтэд болдог “Ёохор” наадмыг найруулж, буриад зон олны дуу бүжгийг шүүж, тэмцээн уралдаан зохион байгуулах ажилд байнга оролцдог. Энэ мэт өөрийн дуртай, урлаг соёлын цөөн ажилд оролцвол оролцоод, дийлэнхдээ биеэ тордоод сайхан амраад л сууж байдаг хүн болоод байна.
- Та Соёлын тэргүүний ажилтан, Ард түмний гавьяат цолтой хүн. Сүүлийн үед шагнал үнэгүйдсэн тухай шүүмж их гарах боллоо, энэ талаарх таны бодол?
-Маш өндөр шалгууртай үед “Хөдөлмөрийн хүндэт”, “Алтан гадас”-аар шагнагдаж байсан. Сүүлд, миний харьяалагддаг Баянзүрх дүүргээс урлаг соёлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, ахмадын болон чөлөөт уран бүтээлчдийн тоглолтыг удаа дараа амжилттай найруулж, зохион байгуулдаг гээд яам руу шагналд тодорхойлж, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” –г өнгөрсөн жил өгсөн. 1978 онд авсан “Алтан гадас”-аас хойш 38 жилийн дараа төрийн одон хүртээд байна. Ард түмний гавьяатыг бол эрт авсаан.
- Та хэдэн шавьтай вэ?
-Олон жил чуулгад ажиллахдаа дасгалжуулагч, дууны ангийн дарга байж, ардын манерыг хэлж өгсөн цөөн хэдэн шавь бий. УГЖ Ц.Түвшинтөгс, Н.Төмөрхуяг нар багшаа гэж хүндэтгэдэг юм. Би энэ мундаг дуучдад дууг ингэж дуулснаас, тэгж дуулсан нь дээр дээ гэсэн болохоос нот заагаад сүйд болж байсангүй. СТА З.Баасанжав, С.Цамбалхүндэв нартаа үгийг аятай нь нааж, шаглаж дуулах ёстой юм даа гэдгийг хэлж байлаа. Өөрөөр би шавь бэлтгэхээсээ илүү бүх насаараа урлагт суралцсаар л яваа хүн гэж өөрийгөө дүгнэдэг дээ.
-Таны сонсох дуртай, хайртай уран бүтээлч гэвэл хэнийг нэрлэх вэ?
Миний манер ижил болоод ч тэр үү, би Адарсүрэнг аргагүй сайн дуучин гэж боддог. Ардын дууг бол Адарсүрэн шиг донжийг нь олж дуулдаг эрэгтэй дуучин байхгүй гэж хэлж болно.
- Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд гялайлаа. Та ярилцлагынхаа төгсгөлд хэнд хандаж юу гэж хэлэх вэ?
Хэнтий аймгийн Батноров суманд суугаа төрсөн дүү нартаа урлагт хайртай, холбоотой байдагт нь маш их баярлаж талархаж явдгаа илэрхийлмээр байна. Энэ жил Хан Хэнтий нутагт минь сайхан намар болж байна. Нутгийн нийт зон олондоо Эзэн Чингисийн үргэлжлэл, монгол хүний цусыг л олж төрсөн бол хэзээд бидний хийморь өөдрөг явах ёстой юм шүү. Дэлхийд хүн болж төрнө гэдэг бол их хувь, тэр дундаа Монгол хүн болж төрнө гэдэг бүр их хувь заяа шүү гэж хэлмээр байна. Ингээд,
Дүнзэн байшинтай буриад айлуудын идээн дээр мойлын сайхан алаглаад
Дүмбийсэн гэртэй халх айлуудын уяан дээр морьдын хурдан нь гунхалзаад
Зах нь үзэгдэшгүй өргөн тал нутгийг хучиж өвсний соргог нь жигдрээд
Завсар нь мэдэгдэшгүй өтгөн шугуйд усны тунгалаг нь мяралзсан
Хэнтий нутаг минь хэзээнээс сайхан гэж хэний ч өмнө хэлэхэд урамтай
Мөнх ногоон ойтой Хэнтий хайрханы минь өвөр байна
Мөнгөн долгион хээтэй Хэрлэн мөрний минь хөндий байна
Халх даяар цуутай Самдан, Бат-Эрдэнэ аваргуудын дэвжээ байна
Хаа хүртэл хурдтай Галшарын удамт хүлгийн бариа байна
Эзэн Чингисийн удамтай энэ Монголоо олж төрсөн
Эрин зууны алхаан дээр энэ нийгмээ олж төрсөн
Ийм сайхан ард түмэн шүү Хэнтийчүүд минь ээ гэж бахархалтайгаар хэлэх байна даа.
- Баярлалаа. Сайхан мөртүүд байна. Танд уран бүтээлийн их амжилт хүсэж, урт удаан жаргалтай амьдрахыг ерөөе.
Хэнтий Д.Одонтунгалаг