ДАРХАН-УУЛ: Хоёр хоногт 300 орчим сая төгрөгийн борлуулалт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны хоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Уламжлал болгон зохион байгуулдаг "Цагаан сар" үзэсгэлэн худалдаа энэ жил "Монгол баяр-Монгол бэлэг" уриатайгаар төвийн бүсийг хамруулан зохион байгуулж байна. Энэ сарын 15-ны өдөр эхэлсэн "Цагаан сар -2025" үзэсгэлэн худалдаа түрээсийн төлбөргүй, үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд борлуулж буйгаараа онцлогтой юм.
Иргэд, хоршоод, ААНБ-ууд өөрсдийн үйлдвэрлэсэн сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, даршилсан ногоо, цагаан идээ, жимс жимсгэнэ, гар урлал, оёмол, бэлэг дурсгал зэрэг бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээс харьцангуй хямд үнээр худалдан борлуулж байна.
Хоёр хоногийн хугацаанд үзэсгэлэн худалдаагаар үйлчлүүлсэн иргэд 300 орчим сая төгрөгийн худалдан авалт хийжээ.
Найм хоног үргэлжлэх тус үзэсгэлэнд 253 иргэн, ААНБ-ууд оролцож буй бөгөөд ХХААХҮЯ, Жижиг дунд үйлдвэрийн газар, Зээлийн батлан даалтын сан, Дархан-Уул аймгийн ЗДТГ, аймгийн ХХААГ, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим Дархан-Уул аймаг дахь салбар хамтран зохион байгуулж байна.
Мөн үзэсгэлэнгийн үеэр урамшуулалт, сугалаат худалдаа, бараа
бүтээгдэхүүнийг сурталчлах юм.











