Хэнтий аймагт хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-10-25 13:35:20

Хэнтий аймгийн прокурорын газраас аймаг, сумдын эрүүгийн нөхцөл байдлын талаарх судалгааг гаргаж, мэдээлэл өглөө. Тус судалгаагаар он гарснаас хойш үйлдэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад ихэнх нь буурсан байхад тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 10 гаруй хувиар өссөн дүн гарчээ.

2016 оны эхний 3 дугаар улирлын байдлаар Цагдаагийн байгууллага 868 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авч шалгасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25-аар буюу 2,9 хувиар өссөн дүнтэй байна. Аймгийн прокурорын газар тус 868 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэлд хяналт тавин ажилласнаас 325-д нь эрүүгийн хэрэг үүсгэсэн дугаар олгосон бөгөөд гэмт хэргийг тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7 хэрэг буюу 2,1 хувиар буурсан дүнтэй байгаа юм.

Прокуророос дугаар олгосон эрүүгийн нийт хэргийн 125 нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг байгаа ба үүнээс 56 хэрэг буюу 44.8 хувь нь мал хулгайлах гэмт хэрэг байна. Харин Авилгатай тэмцэх газраас харьяаллын дагуу хүлээн авч шалгасан гэмт хэргийн шинжтэй 5 гомдол мэдээлэлд прокурор хяналт тавьж ажилласан ба үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2-р буюу 40 хувиар буурчээ.

2016 онд үйлдэгдсэн гэмт хэргийн гаралтыг төрлөөр нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 19 буюу 14,4 хувиар, хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 33 буюу 63,5 хувиар, хүүхэд гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг 5 буюу 37,5 хувиар, нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 4 буюу 9,4 хувиар, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг 8 буюу 80 хувиар буурчээ. Харин  тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 4 буюу 14,2 хувиар өссөн байна.

Бусдын амь насыг санаатай бүрэлгэх гэмт хэргийн улмаас 2 хүн, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас 21 хүн, золгүй байдлаар 11 хүн, нийт 34 хүний амь нас хохирчээ.

Хэнтий Д.Одонтунгалаг

相关新闻