Хэнтий аймгийн ИТХ Нутгийн удирдлагын холбоотой хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-10-24 14:06:12

Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монголын Нутгийн удирдлагын холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа эхлүүллээ.

Санамж бичгийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай, Төсвийн тухай,  Газар байгаль орчин, Өмч, Шилэн данс, Мэдээлэл авах эрх, Нийтийн сонсголын тухай зэрэг хуулиудын хүрээнд аймаг, сум багийн өөрөө удирдах байгууллагын сонгуультан ажилтнуудад хууль эрхийн болон арга зүйн мэдээлэл өгөх, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, Нутгийн удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

Тус санамж бичгийн хүрээнд, аймаг сум багийн өөрөө удирдах байгууллагын манлайлал, ур чадвар, хууль эрх зүй, онол арга зүйн сургалт семинарыг тодорхой сэдэв, агуулгын хүрээнд жил бүр зохион байгуулах, хамтарсан онол практикийн бага хурал, хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтээ төр засагт уламжилж шийдвэрлүүлэх, Нутгийн өөрөө удирдах байгууллага, сонгуультан ажилтны сайн арга барил, санал бодлыг орон даяар сурталчлах, тулгамдсан зарим асуудлаар хэвлэлийн бага хурал хийх, иргэд олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг ярилцлага зохион байгуулахаар тусгажээ. Мөн Гадаад орнуудын нутгийн удирдлагын байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан ашигтай айлчлал, уулзалт өдөрлөг зохион байгуулах, УИХ, Засгийн газар болон төрийн ТББ, Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй ОУБ-уудын зүгээс хэрэгжүүлж байгаа нутгийн удирдлагын байгууллагуудыг чадавхжуулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлийн төсөл хөтөлбөрт хамтран оролцох зэрэг олон ажлуудыг хийхээр тусгасан байна. 

 Д.Одонтунгалаг

相关新闻