Говийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган Мандалговьд болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬИрэх сарын 3-4-ны өдрүүдэд говийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган Мандалговь хотод болно. Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг жил бүр гаргадаг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь өрсөлдөх чадварын бүсчилсэн чуулганыг зохион байгуулдаг бөгөөд энэ удаад говийн бүсийн чуулганыг ийнхүү товложээ.
Өрсөлдөх чадвар гэж юу болох, түүнийг судлахын ач холбогдлыг таниулж, бүс нутгийн давуу болон сул тал, эдийн засгийн тулгуур салбар, бүсчилсэн хэлбэрээр хөгжихийн ач холбогдол, бүс нутгууд хамтдаа бэрхшээлийг хэрхэн давж, хөгжлийн ямар алхам хийхээ хэлэлцэн тодорхойлоход чуулганы зорилго оршдог байна.
Чуулганд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б. Лакшма “Говийн бүсийн өрсөлдөх чадвар, хөгжлийн боломжууд”, Дундговь, Дорноговь, Өмнөговь аймгийн Засаг дарга нар өөрийн аймгийн тэргүүлэх салбар, хувийн хэвшлийг дэмжих бодлого ба хөрөнгө оруулалтын чиглэлүүд сэдвээр тус тус илтгэл тавина. Мөн “Нийгмийн баримжаатай эдийн засгийг хөгжүүлэх нь”, “Говийн бүсийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нь”, “Хариуцлагатай уул уурхайн салбарыг хөгжүүлэх говийн бүсийн хамтын ажиллагаа”, “Говийн бүсийн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж” сэдвээр хэлэлцүүлэгүүдийг өрнүүлж, чуулганаас хамтын дүгнэлт гаргах юм байна.
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн 2015 оны судалгаагаар говийн бүсийн Дорноговь аймаг өрсөлдөх чадвараараа 64.46 оноогоор 21 аймгийн 10 дугаарт, Өмнөговь аймаг 85.45 оноогоор 3-рт, Дундговь аймаг 39.47 оноогоор 21-рт жагссан.
Аймгуудын өрсөлдөх чадварын үнэлгээг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, дэд бүтэц, бизнесийн үр ашиг гэсэн 4 үндсэн бүлэг, 16 дэд бүлгийн хүрээнд 177 шалгуур үзүүлэлтээр гаргадаг бөгөөд Дундговь аймгийн хувьд 2013 онд өрсөлдөх чадвараараа 21 аймгийн 20 дугаарт, сүүлийн хоёр жилд 21-рт эрэмбэлэгдсэн хэвээр байгаа юм.
Т. Отгонтуяа