БУЛГАН: Нисгэгчгүй нисэх хэрэгслийн жолоодлогын УАШТ-нд амжилт гаргасан тамирчдыг хүлээн авч уулзав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны нэгпүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир "Дронкон-2025" нисгэгчгүй нисэх хэрэгслийн жолоодлогын улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон аймгийнхаа сурагчдыг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын
Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор Монгол Улсад анх
удаа болсон “Дронкон” нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлогын улсын аварга
шалгаруулах тэмцээнд Булган аймгаас "Хурдан" клубийн сурагчид
амжилттай оролцоод ирлээ.
Уг тэмцээний "Өөрөө угсрах" төрөлд Булган сумын 1 дүгээр сургуулийн 11в ангийн сурагч М.Мягмаржаргал дэд байрын шагнал хүртсэн байна.
Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга нийт оролцсон сурагчдад баяр хүргэж, талархал хадгалуулан дараа дараагийн тэмцээн уралдаанд нь амжилт хүслээ. Мөн цаашид энэхүү төрлийг Булган аймагт хөгжүүлэх тал дээр хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
Энэхүү тэмцээнд
мэргэжлийн, сонирхогчдын, тоглоомын, өөрөө угсрах гэсэн дөрвөн төрөлд нийт 500
гаруй тамирчин оролцсон бөгөөд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын
дэргэдэх Булган, Дархан-Уул аймгийн “Хурдан” клубийн сурагчид ур чадвараа
сорьсон юм.
Тус тэмцээнийг 2026 онд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам зохион байгуулахаар болж, "Дронкон" тугийг Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх Д.Баасандамба ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүүд гардуулан өгсөн мэдээллийг Булган аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Н.Булган өглөө.
Булган аймгийн Засаг даргын дэргэдэх "Хурдан" клуб нь 100 гишүүнтэй. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдаар дамжуулан бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх “Цахим элч” болгон бэлдэж, ирээдүйн мэргэжил боловсролоо сонгон суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулжээ.
Дроны дэлхийн зах зээл 2021 онд 26.3 тэрбум ам.доллар байснаас 2030 он гэхэд 54.6 тэрбум ам.доллар болж өсөх төлөвтэй байна гэж Drone Industry Insight байгууллагаас мэдээлсэн байна. Энэхүү дэвшилтэт технологийг олон улс орон батлан хамгаалах, шуудангийн хүргэлт, хөдөө аж ахуй зэрэг салбарт амжилттай ашиглаж, бүтээмжийг нэмэгдүүлж байгаа юм.