Гаитигийн шоронгоос 170 гаруй хоригдол оргожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-10-23 10:53:50

ПОРТ-О-ПРИНС. /ВВС/. Гаитигийн нийслэл Порт-о-Принс хотоос хойш 45 км зайтай орших Аркахай хотын шоронгоос 170 гаруй хоригдол оргожээ.

Хоригдлууд таван буу хулгайлан оргон зугтахдаа нэг хуяг болон нэг хоригдлын аминд хүрсэн байна.

Тус улсад байрласан НҮБ-ын энхийг сахиулагчдын тусламжтайгаар хоригдлуудыг хайж эхэлжээ.

Шоронд бослого үймээн дэгдсэний улмаас хоригдлууд оргосон гэж Гаитигийн Засгийн газар мэдэгдлээ.

Тус улсын Хуульзүйн сайд Камиль Эдуард Жуниор хэлэхдээ “нэг хуяг амь үрэгдсэн. Гурван хоригдол шархадсаны нэг нь шархаа даалгүй амьсгал хураасан” гэв.

Одоогоор 11 хоригдлыг баривчлаад байгаа аж. Шоронгийн ойролцоох замууд дээр цагдаа цэргүүдийг байрлуулсан байна.

Гэхдээ тус шоронгийн хоригдлууд нь шоронгийн дүрэмт хувцас өмсдөггүй учир хоригдлуудыг жирийн иргэдээс ялгахад амаргүй байгаа аж.

Гаитигийн шоронгуудын дийлэнх нь хэт олон хоригдолтой байдаг бөгөөд хоригдлууд урьдчилан хорих төвүүдэд олон жилийг өнгөрүүлдэг байна.

Г.Доржханд

相关新闻