Нацистуудыг алдаршуулсан баримтуудын жагсаалтыг НҮБ-д илгээсэн гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НҮБ, 2025 оны нэгдүгээр сарын 28 /RIA Novosti/. Нацистууд болон тэдний хамсаатнуудыг алдаршуулсан талаарх баримтуудыг хавсаргасан захидлыг ОХУ-аас НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешт илгээжээ.
Энэ тухай НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Василий Небензя Холокост буюу хоморголон устгалд өртөж амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх олон улсын өдрийг тохиолдуулан НҮБ-ын төв байранд зохион байгуулсан үйл ажиллагааны үеэр мэдэгдсэн байна.
"Өнөөдөр бид НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад захидал илгээсэн бөгөөд үүнийг Ерөнхий Ассамблей болон Аюулгүйн Зөвлөлийн баримт бичгийн хувиар түгээн дэлгэрүүлэхийг хүсэж байна. Уг захидалд сүүлийн жилүүдэд нацистууд болон тэдний хамсаатнуудыг алдаршуулсан баримтуудын жагсаалтыг хавсаргасан" гэж тэрбээр хэлжээ.
В.Небензя цааш нь хэлэхдээ, "1945 оны Аугаа ялалтгүйгээр бидний мэдэх НҮБ ч, дэлхий ч байхгүй байх байсан гэдгийг бид мартах ёсгүй. Гитлерийн эсрэг эвслийн орнууд НҮБ гэдэг нэртэй болсон бөгөөд энэ баримтыг ч хэн ч мартах эрхгүй" гэж цохон тэмдэглэсэн байна.
Хоморголон устгалтад өртөж амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх олон улсын өдрийг нэгдүгээр сарын 27-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. 1945 оны энэ өдөр Зөвлөлтийн Улаан армийн цэргүүд нацистуудын байгуулсан хамгийн том үхлийн лагерь болох Аушвиц-Биркенауг чөлөөлсөн юм. 1941-1945 онд тэнд 1.4 сая орчим хүн нас барсны 1.1 сая нь еврейчүүд байжээ.
1947 онд уг хорих лагерийн нутаг дэвсгэрт музей байгуулж, 1979 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад оруулсан юм. Энэ онд хорих лагерийг Зөвлөлтийн цэргүүд чөлөөлсний 80 жилийн ойн ёслолын ажиллагаанд Оросын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг уриагүй байна.