Кувейтийн Авгаф сангийн хөрөнгөөр үерт автсан айлуудыг цахилгаан, ундны устай болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-10-22 03:03:12

Кувейт улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Халид Аль-Фадли Баян-Өлгий аймагт өнөөдөр ирлээ.

Элчин сайдыг нисэх буудалд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан, Засаг даргын орлогч Ш.Хавал, ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Д.Ербол нар хүлээн авлаа.

Өлгий суманд 7 дугаар сарын 10-ны өдөр 6,9-р багийн нутаг болсон үерийн улмаас цахилгаангүй болсон айл өрхүүдэд зориулан эрчим хүчний шугам татах мөн гүний худаг гаргахыг Кувейт дахь Авгаф олон нийтийн сангаас санхүүжүүлсэн юм. Халид Аль-Фадли аймгийн удирдлагуудын хамт энэхүү хийгдсэн ажлын нээлтийн ёслолд оролцов.

Аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан энэ тухай ярихдаа, наймдугаар сард аймгийн Засаг дарга бид хоёр Кувейт Улсын Элчин сайдын Яаманд очиж энэ асуудлын талаар ярихад биднийг сайхан сэтгэлээр хүлээн авч боломжийн хандив өргөхөөр амласан. Ингээд 60 мянган ам.доллар өгснийг гамшигт нэрвэгдсэн айлуудад хоёр км цахилгаан эрчим хүчний шугам татсан, ундны усны таван худаг гаргасан зардлыг нөхөж байна. Эрхэм элчин сайдад бид Өлгий хотын хоёр талаар үерээс хамгаалах шуудуу татах, гүүр барих, бохир усны цэвэрлэгээний станцыг шинэчлэх, эмнэлэг, боловсролын салбарыг дэмжих зэрэг хүсэлт тавьсаныг хүлээн авч, 100 мянган ам. доллар хүртэлх төсөл хийж ирүүлэхийг зөвлөсөн. Элчин сайдаар дамжуулан Кувейт Улсын «Авгаф» сангийн тэргүүнийг бид ирэх оны гуравдугаар сард тэмдэглэх Наурыз баяртаа албан ёсоор урилаа гэв.

Ш.Айзаря

 

相关新闻